“СЭЛЭНГЭ” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сум дахь “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн түрээслэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Аймгийн төвд байрлах тохь тухтай тавлаг орчныг бүрдүүлсэн газруудын нэг бол тус олон улсын худалдааны төв. Тиймээс ч энэ төвөөр үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Харин энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдлын улмаас худалдан авалт огцом буурч, оргил үе болох 12, 02 дугаар саруудад сургууль цэцэрлэгийн шинэ жилийн баярын арга хэмжээ, Цагаан сарын баяр болохгүй болсноос үүдэн түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирсан тухайгаа аймгийн Засаг даргад түрээслэгчдийн төлөөлөл учирлан танилцууллаа. Тус төв 186 түрээслэгчтэй бөгөөд 1м2 талбайн түрээсийн төлбөр зун 12500, өвөл 23750 төгрөг байдаг байна. Олон улсын худалдааны төвийн хэвийн үйл ажиллагааг “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг.
Цаг үеэ даган үүсээд байгаа нөхцөл байдал, түрээслэгчдийн санал, тэдний ард байгаа олон хүмүүсийн тусын тулд 2020 оны 02,03 дугаар сарын түрээсийн төлбөрийг энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үүднээс зуны түрээсийн төлбөрөөр төлөх асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн Засаг дарга өөрийн биеэр танилцуулан шийдүүлж өгөхөө илэрхийллээ. Аймгийн хурлын тэргүүлэгчид цаг үеийн болоод түрээслэгчдийн бодит нөхцөл, тэдний ар амьдралыг ойлгоно гэдэгт итгэлтэй байгаагаа Засаг дарга илэрхийллээ.
Мөн түрээслэгчдэд хандан үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд нийцсэн, эрэлт хэрэгцээг хангасан, үйлчлүүлэгчээ хүндэтгэн дээдэлсэн соёлтой үйлчилгээг цаг ямагт үзүүлж ажиллахыг хүслээ.