ИРГЭДИЙН АСУУЛТАНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИУЛЖ БАЙНА

ИРГЭДИЙН АСУУЛТАНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИУЛЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас “Иргэдээ сонсъё” телевизийн шууд нэвтрүүлгийг 14 хоног тутамд агентлагуудыг хамруулан зохион байгуулж байгаа. Тус нэвтрүүлгийн эхний өргөтгөсөн дугаар 03-р сарын 31-ний өдөр явагдсан. Энэ үеэр иргэдийн зүгээс шууд утсанд хандаж асуусан асуултад тухай бүрт нь аймгийн удирдлагын баг болон харъяа байгууллагууд хариултыг өгсөн. Энэ удаа зарим асуултыг мэргэжлийн байгууллагуудаас тодруулснаа хүргэе.

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭВТРҮҮЛГЭЭР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ХАЛААЛТ, ДУЛААНТАЙ ХОЛБОГДОЛТОЙ АСУУЛТУУДАД “СЭЛЭНГЭ ЭНЕРГО”ОНӨААТҮГ-ЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Ц.МӨНХДОРЖ ХАРИУЛЖ БАЙНА.

1.60 айлын арын айлуудад дулаан хангамжийг оруулах боломж байна уу? Яаж шийдэх талаар хариу өгнө үү?

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын хэтийн төлөвлөлтөнд дулааны төв шугам өргөтгөлийн ажил 60 айл чиглэлээр шинээр тавигдахаар тусгагдсан байдаг. Энэ ажил хийгдэж бэлэн болсон үед трассын дагуух айл өрхүүд болон 60 айл орчмоор дулааны эрчим хүчинд холбогдох боломжтой болно. Одоогийн байдлаар дулааны ачаалал хүрэлцэхгүй тул боломжгүй байна.

2.Төмөр замын машинистын 3 давхарыг хэрэглээний халуун устай болгох боломж байна уу?

Төмөр замын машинистын 3 давхар зөвхөн халаалтын шугамтай халуун усны шугам байхгүй. Энэ асуудлыг шийдэх үүднээс манай байгууллагын захирлын 2017 оны 04-р сарын 10-ны өдрийн 45 тоот тушаалаар комисс томилогдон төмөр замын машинистын 3 давхар, төмөр замын 2 давхар 8 айлын орон сууцууд, 20,30 айлын орон сууцуудын дулааны шугам хоолойг сайжруулах, шинэчлэх, хэрэглээний халуун усаар хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх хүрээнд зураг, төсөв, тооцоо, судалгаа гарган ажиллаж байна.

3.20,30 айлын байрны оршин суугчид хэрэглээний халуун усаа бойлероор авдаг. Үүнийг нэгдсэн шугамд холбож өгнө үү?

20,30 айл төвийн ерөнхий хэрэглээний халуун усны шугам байхгүй, подвалдоо бойлертой. Хэрэглээний халуун усаа бойлероор дамжуулж авдаг. Сүүлийн үеийн барилгууд хэрэглээний халуун усаа бойлероор шийдвэрлэсэн байгаа. Манай байгууллагаас комисс томилогдон ажиллаж байна.

4.15-р байрны 3-р орцны оршин суугчид хэрэглээний халуун усаа өвлийн туршид авч чадсангүй. Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

 15-р байрны газар доогуурх шугам хоолой, хаалт арматур насжилт өндөртэй. Үүнийг хэсэгчлэн солих үүднээс зуны их засварын төлөвлөгөөндөө тусгаж байгаа. Мөн хавар, намар гадна агаарын температураас хамаарч нэг зууханд орсон үед доголдол үүсдэг.

5.Төмөр замын 2 давхар орон сууцуудын халаалт, цэвэр усны шугамын асуудал их хүнд боллоо. Мэргэжлийн хяналтын газраас ашиглахыг хориглосон гэсэн. Газарт оруулж шинээр барилга барих боломж байгаа юу?

Төмөр замын 2 давхар 8 айлын орон сууцуудын халаалтын шугам хоолой насжилт өндөртэй, ашиглах хугацаа дууссан учир шинээр солих шаардлагатай. Манай байгууллагаас комисс ажиллаж байгаа.

6.Цэнхэрийн 20-р байрны халуун ус сүүлийн сард ирсэнгүй. Яагаад ийм болов. Хэзээ шийдвэрлэх вэ?

Цэнхэрийн 20-р байрны газар доогуурх шугам хоолой, хаалт арматур насжилт өндөртэй мөн холболт схем нь буруу байгаа. Үүнийг хэсэгчлэн солих үүднээс зуны засварын ажлын төлөвлөгөөндөө тусгаж өгсөн.

7.Шарын 1-р байрны халаалт хэзээ сайжрах вэ? Өвөл болгон 10-13 хэм орчимд байдаг.

Шарын 1-р байрны халаалтын талаар манай ДШС-ний ашиглалт, засварын бригад 1 дүгээр сард орж ажилласан. Узель, хаалт арматур, тараах шугам хэсэгчлэн сольж халаалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж өөрчлөлт гаргасан. Цаашид шарын 1, 2, 3 дугаар байруудад анхаарч ажиллана.

 

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭВТРҮҮЛГЭЭР БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДИЙН АСУУЛТУУДАД АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРААС ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГЧ БАЙНА.

 

1.Өндөр настнуудад зориулсан түрээсийн орон сууц баригдах уу?

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ТОСК-ны захиалгаар 126 айлын орон сууц баригдаж, үүнээс Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын дагуу дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 88 айл түрээсийн орон сууцанд хамрагдаад байна. Харин аймгийн төв Сүхбаатар суманд одоогийн байдлаар түрээсийн орон сууцтай холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байна.

2.Сүхбаатар сумын 7-р багийн төмөр замын 2 давхар орон сууцуудыг дахин төлөвлөлтөнд оруулах уу? Аймгийн МХГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

2015 оны 6-р сарын 26-ны өдөр батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн 15 дугаар зүйл буюу Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, 16 дугаар зүйл буюу Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих зэрэг хуулийн заалтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газартай хамтарч 2017 оны 05 сард сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус сургалтын дараагаар Сүхбаатар сумын 60 айл орчим, 7-р багийн төмөр замын 2 давхар орон сууц зэрэг газарт төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна.

3.0,7 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлж байгаа. Өргөдөл өгөөд 2 жил болж байхад шийдэхгүй л байна. Яаж, ямар журмаар өгөөд байна вэ? Дахин хэзээ өргөдөл авах вэ?

Газрын нөөц, хүрэлцээ бага байдгаас шалтгаалж Сүхбаатар сумын харъяалалтай иргэдэд Алтанбулаг, Шаамар сумдын нутаг дэвсгэрээс газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдлийг харъяаллын дагуу тухайн сумын Засаг даргад шилжүүлж, захирамж гаргуулан шийдвэрлүүлэх ажлыг манай байгуулагаас гүйцэтгэх шаардлагатай болдог бөгөөд энэ явцад хугацаа алдах зэрэг хүндрэл үүсдэг. Иймээс уг иргэний гаргасан гомдлыг шийдвэрлэх, цаашид ийм төрлийн асуудал үүсгэхгүй байх үүднээс Сүхбаатар сумын иргэдийн газар өмчлөх өргөдлийг шийдвэрлүүлэх явцыг тогтмол хянаж, тодорхой хуваарь гарган ажиллахаар байгууллагын дотоод зохион байгуулалтанд өөрчлөлт хийлээ. Тухайн иргэний хувьд газар өмчлөлтэй холбоотой гаргасан гомдлыг нь шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

4.Авто тээврийн ард газар олгосон. Тэр газрууд дулаан цахилгаанд хэзээ холбогдох вэ? Газраа авах гээд очихоор анх өгснөөс өөр газарт жалга руу шахаж өгч байна. Энэ ямар учиртай юм бэ?

Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу Сүхбаатар сумын 4 дүгээр баг буюу Авто тээврийн газрын хойно 80 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд тус газарт улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд цэвэр, бохир, дулаан, цахилгаан, хэрэглээний халуун усны шугамууд бүрэн тавигдсан билээ. Тухайн иргэний эзэмшил газар нь дээрх газарт хамаарч байгаа талаар утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭВТРҮҮЛГЭЭР УС, УСНЫ ХОЛБОГДОЛТОЙ ГАРСАН АСУУЛТУУДАД “УРСГАЛ УС”ХХК-ААС ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГЧ БАЙНА.

 

            1.Вокзалаас хойших төмөр замын дан байруудыг төвлөрсөн шугамд холбож болох уу? Бохир, бие засах газрууд нь ил задгай байгаа нь хотын өнгө үзэмжийг муухай харагдуулж байна?

            Бохирт холбогдоогүй айл өрхүүдийн тоо судалгааг гаргаж, Сүхбаатар сумын ЗДТГ-тай хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцаж байна.

            2.7,10 давхрын усны төлбөр өндөр гараад байгааг шалгаж өгнө үү?

            Байрны орцнуудын өмнө зар байршуулж тоолуурыг шалгах ажлыг хийж байна.

            3.Төмөр замын 2 давхар орон сууцуудын халаалт, цэвэр усны шугамын асуудал их хүнд боллоо?

             Тухайн байруудыг хангаж байгаа цэвэр усны шугам сүлжээний насжилт 25 жил болсон байгаа нь ашиглалтын шаардлага хангахаа больсон гэсэн үг. Айл өрхүүд өөрсдөө солих хөрөнгө мөнгө байдаггүй.

            4.Шарын 13-р байрны урд талын төмөр замын дан байруудын цэвэр ус өвөл болохоор алга болчих юм. Усны аж ахуйд хэлдэг боловч арга хэмжээ авалгүй байсаар өдийг хүрлээ?

            Тухайн айл өрхүүд барилгын норм дүрмийн дагуу бус шугам сүлжээг хувиараа хийж гүйцэтгэснээс болж өвлийн улиралд хөлдөлт үүсдэг. Улирлын чанартай хийж гүйцэтгэх ажил тул газар гэсэхээр хийхээр төлөвлөөд байна.

 

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” НЭВТРҮҮЛГЭЭР “СЭЛЭНГЭ ҮЙЛЧИЛГЭЭ”ОНӨААТҮГ-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТАНД  ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГЧ БАЙНА.        

            Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэр дэх Хас банкнаас Төв талбай хүртэлх явган хүний зам дагуух гэрэлтүүлгийг засварлаж асаасан.