- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Төвийн бүсийн аймгуудын сумын ЗДТГ-ын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг Батлан хамгаалах яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран амжилттай зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Гүннуур зуслан дээр 3 өдрийн турш бэлтгэл офицерууд номын дуу сонсож, унтах, сэрэх, хооллох бүгд цэргийн командаар үргэлжилсэн. Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ аймгийн нийт 150 гаруй тамгын дарга нар энэ удаагийн сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалтын ач холбогдлыг Батлан хамгаалах яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүү тодорхойлохдоо:-“Энэхүү сургалт нь 2006 оноос хойш улсын хэмжээнд бүсчлэгдэн зохион байгуулагдаж ирсэн. 2013 онд төвийн бүсийн аймгуудын сургалт Орхон аймагт, 2015 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан. 2016 онд УИХ, орон нутгийн сонгууль явагдаж Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүн, орон нутгийн удирдлагууд тодорхой хэмжээгээр солигдож шинэчлэгдлээ. 2015 онд Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдан гарсан байгаа. 2016 онд тухайн бодлогын баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсан. Энэ бүхний дараагаар явагдаж байгаагаараа энэ удаагийн сургалт онцлогтой. Сургалтанд оролцож байгаа бүрэлдэхүүнийг харахад аймгуудын ЗДТГ-ын дарга нар тодорхой хэмжээгээр шинэчлэгдсэн байна. Дайчилгааны тухай хуульд заасны дагуу сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нартай 2 жилд 1 удаа сургалт зохион байгуулах хуулиар тогтоосон хугацаатай. Бид сургалтанд хамрагдаж байгаа бүрэлдэхүүндээ шинэ мэдээлэл мэдлэг өгөх, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалахын багц хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр сум орон нутгийн удирдлагын зүгээс ямар ажил арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой, шинээр батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудад нутгийн захиргааны байгууллагуудын дарга удирдлагуудын хийж хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил үүрэг, арга хэмжээнүүд хуульчлагдсан байдаг учраас энэ талын мэдээлэл, мэдлэгийг олгож, харилцан ярилцлаа. Мөн эдгээр дарга нарыг хооронд нь уулзуулж амжилт ололтоо ярилцаж бие биенээсээ туршлага судлах, зохион байгуулагч Сэлэнгэ аймаг төдийгүй энэ нутгийн байгалийн үзэсгэлэнт газартай таницлах зэрэг давхар ач холбогдолтой. Сумдын ЗДТГ бол Батлан хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх гол нэгж учир дарга нартаа шинэ мэдлэг мэдээлэл өгч, үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг нь хангах чиглэлээр энэ сургалтыг явуулдаг” гэлээ.
Сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар “Цэргийн бэлтгэл” сургалтанд амжилттай оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын дарга бэлтгэл дэслэгч Д.Байгальмаа, Баруунбүрэн сумын ЗДТГ-ын дарга бэлтгэл дэслэгч И.Цэнд-Очир нарт бэлтгэл ахлах дэслэгч цол, Ерөө сумын ЗДТГ-ын дарга Х.Дэлгэрмаа, Сант сумын ЗДТГ-ын дарга А.Одхүү, Шаамар сумын ЗДТГ-ын дарга М.Ганболд, Хүдэр сумын ЗДТГ-ын дарга Ц.Гэрэлцогт нарт бэлтгэл дэслэгч цол олголоо.
Батлан хамгаалах сайдын тушаалаар “Дайчин алдар II медаль”-аар аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын офицер Б.Мөнгөнцоож, “Дайчин алдар III медаль”-аар Орхонтуул сумын ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр, Хушаат сумын ЗДТГ-ын дарга Н.Захирахбаатар, “Эх орны төлөө хүндэт тэмдэг”-ээр Орхон сумын ЗДТГ-ын дарга Ш.Ганчимэг нар шагнагдлаа. Мөн Алтанбулаг сумын ЗДТГ-ын дарга Ү.Янжиндулам, Түшиг сумын ЗДТГ-ын дарга Б.Уранчимэг нар Хил хамгаалах ерөнхий газрын шагнал “Хилийн төлөө” тэмдгээр шагнагдав.
Тамгын дарга нар дан ганц номын дуу сонссонгүй гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдсөнөөс Булган аймаг тэргүүлж, Хөвсгөл, Орхон-Дархан-Уул аймгууд удааллаа. Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, СТА ахлах ахлагч Б.Батбаатар СТА хошууч Р.Өнөржаргалын үг, СТА ахмад О.Эрдэнцогийн ая "Сэлэнгийн цэргийн штабынхан" цоо шинэхэн дууг үзэгч олноо толилуулж, манай цэргийн штабынхан шинэ дуутай боллоо.
Ийнхүү оройн тоо, сэрээд командтай Тамгын дарга нарын бэлтгэл сургалт спортын уралдаан тэмцээний ширүүхэн өрсөлдөөнтэй, үдшийн цэнгүүн, дуу, бүжгийн баяр баясалтай, шинийг мэдэж сурч мэдсэн өргөн их мэдлэгтэйгээр өндөрлөлөө.