Монгол Улсын 3 сая дахь иргэний нэг Мандал сумын харъяат Гантогтохын Хангарьд хүүд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Москвагийн гудамжинд байрлах Залуус хороололд 3 өрөө байрыг Сэлэнгэ аймгаас хүлээлгэн өглөө.
Байр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Мандал сумын Засаг дарга Б.Нямдаваа болон Г.Хангарьд хүүгийн аав, ээж, эмээ, өвөө оролцлоо. Ийнхүү Г.Хангарьд хүүгийн аав Б.Гантогтох, ээж Ш.Долгорсүрэн нар хүүгийнхээ хамт орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинэ байрны түлхүүрийн хамт гардан авлаа. Г.Хангарьд хүүгийн аав нь нийслэл хотод ажилладаг бол ээж нь оюутан ажээ. Бяцхан иргэн Г.Хангарьд хүүдээ эрүүл энхийг хүсч, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохын ерөөлийг өргөе.