Балар эрт Сэлэнгэ нутаг
Төв Азид тухайлбал Сэлэнгэ мөрний ай савд анхны хүний амьдрал эхэлснийг түүхийн шинжлэх ухаан нотолсон юм.
Орхон Сэлэнгийн савд эртний хүмүүс амьдарч байсны ул мөр эдүгээ бидэнд олдсоор байна. Тухайлбал 1974 онд Шаамар сумын нутгаас  олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх хүний яс мөн гэж тогтоосон билээ.
Ийнхүү  Орхон Сэлэнгийн сав газар нь дэлхийн анхны хүний амьдралын нэгэн голомт байсныг гэрч болдог юм. Бас Сэлэнгэ, Хүдэр, Цөх, Бугантын голуудын сав газруудад  балар эрт цагт хүмүүс амьдарч байсан буурь бууц, агуй олноор тохиолддог. Хуучин чулуун зэвсгийн үеийн чулуун хутга, хусуур, асар том амьтны араг яс, загас барих, гувчуур зэрэг эд зүйл Сэлэнгэ нутгаас элбэг олддог.
 
1920-25, 1960-64 онд явуулсан археологийн судалгаагаар тарианы нүдүүр, нухуур бусад хэрэгсэл олдсон нь Сэлэнгэ нутаг лав л 8-10 мянган жилийн тэртээгээс газар тариалан эрхэлж байсныг нотолдог. Мөн судалгаанаас үзвэл Сэлэнгэ нутагт одоогоос 3000-аад жилийн өмнөөс төмөр зэвсэг үйлдвэрлэж эхэлжээ гэсэн дүгнэлтэд зайлшгүй хүргэдэг. Ийнхүү дээрхи түүхэн ул мөр, судалгааны баримт дүгнэлтүүд Сэлэнгэ нутаг балар эртний хүний үүсэл, хөгжилтэй холбоотойг баталж өгдөг юм.