11,5 сая төгрөгийн ажил хийлээ
Энэ сарын 5-ны өдөр буюу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр манай аймгийн 15 сум, 5 тосгоны 5100 гаруй иргэд мод тарих, хог цэвэрлэх, орчноо тохижуулах ажил хийсэн байна.
 
Энэ үеэр 2780 ширхэг мод тарьж, 216557 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 538,5 тонн хог хаягдлыг зайлуулж, 11,5 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн, жижиг дунд үйлдвэрийн газар 5000 га талбайн бэлчээрийн мэрэгч амьтан устгаж, Стандартчилал хэмжил зүйн төв, Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон “Гэрэлт цогцолбор” амралт чөлөөт цагийн орчинг цэвэрлэж, Цагааннуур сумын төр, төсвийн байгууллагынхан орон нутгийн музей засварлах ажилд оролцсон байна. Мөн Орхонтуул сумынхан мод тарих, хашаа будах, Хэрх тосгоныхон төмс ялгах, Бугант тосгоныхон хашаа барих зэрэг ажлуудыг хийсэн байна.