Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийгдэж эхэллээ
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл ЭМЯ, ХӨСҮТ болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран энэ 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн “Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажил”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-ээс 15 насны 14491 охидод эцэг, эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр дархлаажуулах ажлыг хийнэ. Энэхүү үйл ажиллагааны нээлт “Сэлэнгийн долгио” чуулгад болж, нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, ХӨСҮТ-ийн захирал Нямхүү, Дэлхийн ЭМБ-ын суурийн төлөөлөгч доктор Виват, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Мөнхбат болон бусад мэргэжилтнүүд оролцлоо. Манай аймгийн хэмжээнд 4482 охидыг вакцинд хамруулах бөгөөд сургууль, өрхийн эмнэлэг дээр вакциныг хийх юм байна. Вакцины гурван удаагийн тунг охидод 2-оос 6 сарын зайтай булчинд нь тарих бөгөөд ингэснээр хүний хөхөнцөр вирусийн халдвараас 95-аас 100% хамгаалах дархлаа тогтоодог. Манай улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээрт орж байна. Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болдог аж.
 
Хүний хөхөнцөр вирусээр халдварласан тохиолдолд уг вирус нь яваандаа умайн хүзүүний эпители эсүүдийг гэмтээж умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчнүүд цаашилбал хорт хавдар үүсгэдэг болох нь дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгаагаар бүрэн батлагдсан байна. Хүн амын дотор умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болох Хүний хөхөнцөр вирусийн тархалтын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэхүү вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсаны үр дүнд хавдрын өвчлөлийг бодитоор бууруулах боломжтой юм. ХХВ-ийн эсрэг вакцин нь ДЭМБ болон АНУ-ын Хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин бөгөөд вирусийн ДНХ буюу биологийн бүтээгдэхүүн агуулаагүй, биеийн эсэд халдварлах буюу өвчлүүлэхгүй зөвхөн дархлаа тогтоодог аюулгүй, вакцин хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.
 
Өсвөр насны охидоо дархлаажуулалтанд хамруулж, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье!

2. “Сэлэнгийн долгио” чуулгад болсон “Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажил”-ын нээлтийн ажиллагаанд зориулан авьяаслаг сурагчид ая дуугаа өргөлөө