Аймгийн ИТХ-ын 12-р хуралдаан боллоо
Энэ сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын 12-р хуралдаан болж, Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүн, аймгийн 2012 оны тодотгосон төсвийн төсөл, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийг нөхөн сонгох тухай зэрэг асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар аймгийн 2012 оны тодотгосон төсвийн орлогын нийт дүнг 22 283 123.1 мянган төгрөгөөр, орлогын хэмжээг 17 797 596,4 мянган төгрөгөөр тогтоож, тодотгосон төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын төлөвлөгөөг баталлаа.
 

Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүнг хэлэлцээд “Иргэнээ дэмжиж өрх гэрээ тэтгэе, үйлдвэрлэлээ хөгжүүлж эх нутгаа хөгжүүлье” эрхэм зорилтын хүрээнд аймаг, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн жигд хөгжлийг ханган жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 2008 оныхоос 0,3, ядуурлын түвшинг 1,0 хувиар бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 32,8 хувиар өсгөн Монгол Улсын Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг ханган биелүүлж, сүүлийн 3 жил дараалан Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарсан зэрэг ололт амжилтыг сайшаан тэмдэглээд, Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг “ХАНГАЛТТАЙ” гэж үнэлээд, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц бага хувьтай байгаа зорилт, ажил, арга хэмжээг үлдсэн хугацаанд бүрэн биелүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар аймгийнхаа нийт иргэдэд мэдээлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн хурлаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасныг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр Лувсаннавааны Амарсайханыг нөхөн сонгосон байна.