Эх орончдын баярыг тэмдэглэлээ
3-р сарын 1 буюу “Эх орончдын баяр”-ын өдрийг манай аймагт өргөн дэлгэр тэмдэглэлээ.
 
Аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Сэлэнгэ-марафон- 2012” нэртэй 3 км-ын буухиа явган аяллын тэмцээнд Сүхбаатар сумын аж ахуйн нэгж, байгууллагын 12 багийн 120 гаруй тамирчид болон 300 гаруй хөгжөөн дэмжигчид оролцлоо. Тэмцээнд Сүхбаатар сумын тээвэр, зуулчлалын “Видү” ХХК-ийн тамирчид тэргүүн байрт шалгарч, удаах байрт “Сэлэнгийн долгио” чуулга, Сүхбаатар зангилааны баг тамирчид орж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо. Тэмцээнд оролцогчдод хандан аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлэхдээ, спорт гэдэг байнгын бэлтгэл шаарддаг, эр зориг, хичээл зүтгэл шаарддаг хөдөлмөр бөгөөд буухиа тэмцээнд оролцогчдын идэвх зүтгэлийг үнэлэн оролцсон бүх тамирчдад мөнгөн шагнал олгохоор болсноо мэдэгдсэн нь тамирчдыг урамшуулсан арга хэмжээ боллоо. Мөн энэ өдөр Сүхбаатар сумын 8 байгууллагын 40 уран сайханч, 300 гаруй хөгжөөн дэмжигчид оролцсон “Караоке” тэмцээн болов. Хос дууны тэмцээний тэргүүн байрт 4-р багийн иргэн У.Ганболд, Б.Отгонжаргал, гоцлол дуунд 8-р багийн иргэн Н.Од тэргүүллээ. Багуудын нэгдсэн дүнгээр “Буур хээр”-ийн 8-р баг, 4-р багийн “Баянхан”, 4-р багийн “Эх оронч” багууд эхний байрт шалгарсан байна. Баг хамт олноо сайн зохион байгуулсан төдийгүй хамгийн олон дэмжигчтэй багаар 4-р баг шалгарч, 50 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Мөн баярын өдөр Ерөнхий боловсролын 5-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол улсын тусгаар тогтнол” сэдвээр лекц уншсан байна.