Байгаль хамгаалагчид зөвлөлдлөө

Аймгийн байгаль хамгаалагчдын зөвлөлгөөн болж,ойн ангиуд болон сумдын байгаль хамгаалагчид оролцож, шинэ оны зорилтоо тодорхойллоо. Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, байгаль хамгаалагчид ажилдаа хариуцлагатай хандах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг одооноос эхлэхийг үүрэг болгож, байгаль хамгаалагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Зөвлөлгөөнд Ойн газрын ойн менежментийн тасгийн дарга Н.Энхтайван оролцож, ойн талаар баримтлах бодлогын талаар илтгэл тавьж, байгаль хамгаалагч нарт “Ойн ажилтны гарын авлага”, Монгол Улсын үндэсний хөтөлбөрүүд, байгаль орчны хууль тогтоомжийн эмхтгэл болон холбогдох гарын авлага материал өгч, ажлын байранд тавигдаж байгаа шалгуурыг хангаж, ажиллахыг зөвлөлөө. Энэ үеэр өнгөрсөн оны ажлаараа тэргүүлсэн Зүүнбүрэн сумын байгаль хамгаалагч М.Нямдорж, Баянгол сумын Д.Энхтайван, Жавхлант сумын М.Лхамжав, Орхонтуул сумын Т.Мөнхтуяа, Ерөө сумын Т.Гансүх нарын сумын байгаль хамгаалагчдыг шагнаж, урамшуулсан байна. Мөн энэ үеэр сумын байгаль хамгаалагчдын дунд байгаль орчны хууль тогтоомж, танин мэдэхүйн сэдвээр “АХА” тэмцээн болж, Мандал сумын Ой ангийн ажилтан Б.Онон тэргүүлсэн байна. Спортын нөхөрсөг тэмцээнд И.Наранбаатар ахлагчтай баг түрүүлж, шилжин явах цом хүртжээ.