14 нэр дэвшигч бүртгүүлээд байна
УИХ-ын сонгуулийн 13-р тойргийн хорооны дарга О.Буянтогтохтой уулзаж, дараах ярилцлагыг хийлээ.
 
 
 
 
- УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
 
- Сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу хугацаандаа хийгдэж байна. Иргэний бүртгэлийн газраас гаргасан мэдээгээр аймгийн хэмжээнд 69700 сонгогчийн нэрсийн жагсаалт гарсан. Аймгийн хэмжээнд сонгуулийн ажлыг зохион байгуулах тойргийн хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сумдын 17 салбар хороонд нийт 123 хүн ажиллана. Сонгуулийн санал хураах 54 хэсэг байгуулагдсан. Энд 356 хүн ажиллахаар томилогдсон байгаа. Хэсгийн хороод дээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг бүртгэх, тулгах, цэгцлэх ажил явагдаж байна. Хэсэг бүр дээр 1-2 улсын иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллаж байгаа. Энэ ажилтан хэсгийн хороон дээр гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх учиртай. Сонгуулийн зохион байгуулалттай холбогдуулж сонгуулийн хууль тогтоомжыг хэрэгжүүлэх нэг мөр ойлгуулах үүднээс салбар хороодын нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Мөн хэсгүүдэд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан. Ойрын өдрүүдэд сонгуулийн автоматжуулсан системийг ажиллуулах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг хийнэ. Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар нийтдээ 90 гаруй хүн ажиллахаар бүртгэгдсэн байгаа. Мэдээллийн технологийн даамлуудаар ажиллах 88 хүн сургалтанд хамрагдаж байна. Нэр дэвшигчийн шадар туслагч, нам, эвслээс нэр дэвшигчдийн ухуулагч нарыг бүртгэж үнэмлэх олгох ажил дуусч байна. Мөн тойргийн хороон дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, захирал нарыг хүлээн авч уулзан сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу явуулах, сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар ярилцсан. Ойрын хугацаанд ТВ, Радиогоор сурталчилгаа явуулах ажлын хуваарь гаргаж, нам, нэр дэвшигчидтэй гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллана. Өнөөдрийн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан гараагүй байна. Бүх шатанд энэ ажилд бэлтгэх, сургах, хууль тогтоомжыг судлуулах, сонгуулийн ажлыг хуульд заасан цаг хугацаанд нь явуулахад гол анхаарлаа чиглүүлж байна.
 
-Тойргийн хороод дээр сонгууль нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн байгаа. Аймгийн хэмжээнд хичнээн нам, эвслээс хэдэн хүн нэр дэвшээд байна вэ?
 
-Тойргийн хороод дээр нийтдээ зургаан нам, хоёр эвслээс 14 нэр дэвшигч бүртгүүлээд байна. МАН-аас хоёр, АН-аас хоёр,МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс хоёр, ИЗНН-аас хоёр, “Гурав дахь хүчин” эвсэлээс хоёр, Монголын ногоон намаас хоёр, Хөгжлийн хөтөлбөр намаас нэг, Иргэний хөдөлгөөний намаас нэг нэр дэвшигч байна. 11 нэр дэвшигч үнэмлэхээ аваад сурталчилгааны ажлаа эхэлсэн. Дөрвөн нэр дэвшигч одоогоор ирж үнэмлэхээ аваагүй байна.
 
-Та сонгогчдод хандаж юу хэлэх вэ?
 
- Хуулийн шинэ орчинд сонгууль явагдах гэж байна. Ийм учраас сонгогчдод хандаж хэлэх олон асуудал бий. Нэгдүгээрт сонгогчид нэрсийн жагсаалтаа тулгаж үзэх ёстой. Хуучин манай хэсгийн хорооны бүх гишүүд хашаа хороо, бүх айлаар орж тулгадаг байсан. Энэ удаад ийм асуудал байхгүй. Зөвхөн иргэн хүн иргэний үүргээ биелүүлж, Улсын бүртгэлийн газрын сайтаар орж нэрсийн бүртгэлд байгаа нэрээ шалгах, хэсгийн хороон дээрээ очиж, нэрсийн жагсаалттай тулгаж үзэх боломжтой. Энэ удаагийн сонгуульд иргэний үнэмлэхээр оролцох учир иргэний үнэмлэхээ бэлэн байлгах хэрэгтэй. Сонгууль эхлэх, дуусах цаг хугацаа өөрчлөгдсөн. Сонгууль ажлын өдөр явагдана. Хуучин 07 цагт эхлээд 22 цагт дуусдаг байсан бол одоо 07 цагт эхлээд 20 цагт дуусна. Хуучин тогтсон зуршлаараа гэдэг ч юмуу орой 22 цагт дуусна даа гэсэн тайвшрал байж болохгүй. Мөн саналын хуудасны тэмдэглэгээн дээр нэр дэвшигчдийн нэрийг дугуйлахаас гадна нам, эвслийн нэрийг дугуйлна. Манай аймаг хоёр мандаттай. Нэр дэвшигч хоёр хүний нэрийг мөн нэг намын нэрийг дугуйлах ёстой. Үүнийг хольж, солиод санал болон саналын хуудсыг хүчингүй болгох магадлал байгаа учраас иргэдэд тодорхой мэдээлэл өгч, ажиллах хэрэгтэй байна.
 
 
Зураг дээр: УИХ-ын сонгуулийн 13-р тойргийн хорооны дарга О.Буянтогтох
 
 
Ярилцсан : Р.Бумдарь