Ахмадууд явган аялж бас өрсөлдлөө

Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газар сумын Ахмадын хороо хамтран ахмад настнуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Ахмадын явган аялал" саяхан боллоо. Аялалд 8 багийн 160 гаруй ахмад настан оролцож, Сүхбаатарын талбайгаас Орхон голын эрэг хүртэл аялж, тэмцээн уралдаан зохион байгуулсан байна. Аялалд оролцсон баг бүр өөрсдийн отгоо засаж, эрэг хавийн хогийг цэвэрлэсний дараа "Бай онох", "Хаалганд бөмбөг өшиглөж оруулах", "Төмс тарих" зэрэг тэмцээн уралдаан явагдаж, хийн дасгал үзүүлэх тэмцээн, ахмадуудын урлагийн тоглолт болжээ. Мөн хээрийн цайны амтаараа ч өрсөлджээ. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 7-р багийн Н.Навчаа ахлагчтай ахмадын баг, удаах байрт 4-р багийн Х.Пагмажав ахлагчтай "Чадамж" баг, 5-р багийн С.Норжмаа ахлагчтай "Алтан үе" баг тус тус шалгарсан байна. Уламжлал болсон энэхүү явган аялал, тэмцээндээ ахмадууд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй, бэлтгэл сайтай оролцдог байна.