“Стандарт-таны амьдралд”аян өрнүүлж байна
10 дугаар сарын 14-ны өдөр буюу Дэлхийн стандартын өдөр, стандартчилал хэмжил зүйн ажилтнуудын өдрийг энэ жил
 
“Бага зардал, илүү үр дүн- Стандарт үр ашгийг нэмэгдүүлдэг” уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд үндэсний стандартын тэмдэглэгээг нь MNS гэх ба өнөөдөр манай улсад 5900 гаруй стандартыг мөрдөж байна. Эдгээрийн 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн бөгөөд монгол улсын бүх стандартыг www.estandard.mn вэб хуудсаар мэдээлдэг аж.
Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн хамт олон баярын өдрөө тохиолдуулан 10 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл “Стандарт-таны амьдралд” сэдэвт сарын аян зарлан ажиллаж байна.
Аяны хүрээнд саяхан зохиогдсон “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцсон сумдын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд стандартын мэдээлэл хүргэх, түгээх үйлчилгээ үзүүлснээс гадна орон нутгийн сонин,телевизээр дэлхийн стандартын өдрийн уриа, түүний утга, агуулгыг тайлбарлан таниулах, сурталчлах мэдээлэл хийсэн байна.
Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн хамт олон ажилтнуудынхаа дунд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, баяраа тэмдэглэжээ. Сарын аяны хүрээнд:
- “ Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд стандартыг мөрдөх нь “ сэдэвт сургалт
- Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд шилдэг нэрийн хоолны шалгаруулалт явуулах
- Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтарч тус суманд “Сэлэнгийн бренд” бүтээгдэхүүнийг сурталчлах өдөрлөг- үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
- Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээний хэвийн байдал, хаяг шошгоны стандартын мөрдөлтийг хангахад чиглэсэн “ Хаяг, шошго “ арга хэмжээ зохион байгуулах
- Сүхбаатар сумын ЕБС-иудын сурагчдад “ Стандарт ба аюулгүй хүнс “ сэдэвт сургалт явуулж, ахлах ангийн сурагчдын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, түгээх хангах, салбарын үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм байна.