“Хүүхдээ сонсоё” аянд нэгдэцгээе
11-р сарын 5-наас 15 хүртэлх хугацаанд орон даяар “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн төсөлд хүүхэд, олон нийтийн санал бодлыг тусгах, бодлого үйл ажиллагааны шинэ хэрэгцээг тодорхойлох зорилгоор “Хүүхдээ сонсоё” аяныг зохион байгуулж эхэллээ.
 
Энэхүү аян нь “Хүүхэд хүүхдээ сонсоё”, “Гэр бүл хүүхдээ сонсоё”, “Сургууль хүүхдээ сонсоё”, “Засгийн газар хүүхдээ сонсоё” гэсэн чиглэлтэй зохион байгуулагдах юм байна. “Хүүхэд хүүхдээ сонсоё” чиглэлийн хүрээнд бүлэг, анги, хамт олноороо зөв хүн болж төлөвшихөд хичээлээс гадуур зохиогдох ямар үйл ажиллагаа, арга хэмжээ, үйлчилгээ, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар болон “Хүүхдийн мөнгөө хэрхэн яаж өөрийн хөгжилд зориулж болох тухай” ярилцацгааж, дэвшүүлсэн саналаа нийгмийн ажилтандаа хүргүүлэх юм байна. “Гэр бүл хүүхдээ сонсоё” чиглэлийн хүрээнд эцэг, эхчүүд өдөр бүр таван хормыг хүүхдээ сонсохыг уриалж, хүүхдийнхээ сэтгэл зүй, хүмүүжилд үлгэр жишээ үзүүлж буй гэр бүлийг сурвалжлан олон нийтэд хүргэх ажээ. “Сургууль хүүхдээ сонсоё” ажлын хүрээнд сургуулийн захиргаа, багш нар сургууль дээрээ хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн “Сурагчийн өдөр” зохион байгуулж, тэдний саналыг хайрцгаар авна. “Засгийн газар хүүхдээ сонсоё” ажлын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн мэдээлэл хүлээн авах 11-11 төв хүүхдүүдээ сонсоно. Энэхүү аяны хүрээнд хүүхэд, гэр бүл, олон нийтийн дэвшүүлж байгаа санал, санаачилгыг Яамдын шийдвэр гаргагчид дээрх төвөөр дамжуулан хүлээн авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэм, олон нийтэд хүргэх ажлуудыг улс, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулж ажиллах гэж байна.