“Ард түмэн Та- Хаан” теле хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа “Ард түмэн Та-Хаан“ хэрэглэгчдийн форумыг угтаж,
 
11 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ, Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар чиг үүргийнхээ хүрээнд аймагтаа “Ард түмэн Та-Хаан“ арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Энэ үеэр иргэдээс санал авах нээлттэй утсыг зохион байгуулагчид байгууллага дээрээ ажиллуулж, орон нутгийн телевизээр нээлттэй хэлэлцүүлэг , шууд нэвтрүүлэг зохион байгуулж, хэрэглэгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээлэл, асуултанд хариу өгч ажилласан байна. Мөн иргэдээс санал асуулгын хуудсаар санал авч хэрэглэгчийн эрх ашиг хохирч байгаа асуудлуудыг нэгтгэн гаргажээ. Телевизийн шууд ярилцлаганд иргэн, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцож, дэвшүүлсэн сэдвээр санал бодлоо солилцож, тулгамдаад байгаа зарим асуудлаар холбогдох байгууллагууд авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл, танилцуулга хийж, зарим асуудал дээр хэрэглэгчийн санал санаачлага, туслалцаа хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.
 
 
Хэлэлцүүлгийн үеэр нээлттэй утас ажиллуулж, 18 иргэнээс 20 асуудлаар гомдол, хүсэлт, асуулт тавьж, холбогдох хэлтэс албад хариулт өглөө.
 
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, хэрэглэгч, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл 14 оролцогч хот тохижилт, төлөвлөлт, газар зохион байгуулалт, шинээр баригдсан орон сууцны чанар, халаалтын доголдол, түүний үнэ өндөр, тэтгэврийн зөрүү, ЭМД, түлшний хангамж, хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, эмийн үнэ, чанар, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанар, орчны бохирдол, ундны усны чанар, хогны оновчтой менежмент, гэр хорооллын оршин суугчид төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугамд холбогдох талаар 80 гаруй санал, гомдол гаргаж, холбогдох байгууллага ажилтнуудаас хариулт, авлаа.
 
Хэлэлцүүлгээс орон нутагтаа шийдвэрлэх боломжгүй, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулан хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт, санхүүжилтийн ихээхэн хэмжээний эх үүсвэр шаардлагатай зарим асуудлыг Төрийн бодлого шийдвэрт тусгуулан хэрэгжүүлснээр хэрэглэгчийн эрх ашиг олон жил хохироосоор байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.