Сувилагч Д.Оюунсүрэн шинэ байшингаа хүлээн авлаа

Сувилагч Д.Оюунсүрэн шинэ байшингаа хүлээн авлаа
Олны хүч оломгүй далай гэж үнэхээр үнэн үг юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний сувилагч Д.Оюунсүрэнд шинэ байшин барьж өгөх “Халуун сэтгэл” аян саяхан л эхэлж байлаа. Харин өнөөдөр олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн цоо шинэхэн байшинг эзэнд нь хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг болон хандив туслалцаа үзүүлсэн төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, аяныг санаачлан зохион байгуулагч Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү халуун сэтгэлийн аянд аймгийн Засаг дарга Ш.Оргил хамгийн түрүүнд хандивын гараа сунгасан бол түүний араас төр, хувийн хэвшлийн байгууллагууд, 100 гаруй хувь хүмүүс нэгдэж шинэхэн байшинг богино хугацаанд барьж эздэд нь хүлээлгэн өгч байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа:“Байшин барина гэдэг амаргүй. Бид нэгдэж чадвал ямар үр дүнд хүрч болдгийг энэ аян харуулж байна. Манай бусад төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд ажилтан албан хаагчдынхаа ар гэр ахуй амьдралыг судалж танилцаж байх нь чухал. Энэ мэтчилэн сайн санааны аяныг тогтмол өрнүүлж өөр бусад олон хүмүүсийг баярлуулах боломж та бидэнд байна” гэлээ. “Халуун сэтгэл” аяны маань эзэн алтан гарт хэмээн олноо нэрлэгдсэн сувилагч Д.Оюунсүрэн:”Энэ бол миний хүүхэдтэй ажилласан он жилүүдийн минь ач буян. Би өнөөдрийг хүртэл хүүхэд бүрийг бурхны бэлэг гэж бодож, сэтгэлээ зориулж ажилласаар ирсэн. Өнөөдөр энэ бурхадууд маань надад ач буянаа өгч байна. Цаашид ч бүхий л сэтгэл зүрхээ ажилдаа зориулж ажиллах болно. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Монголын минь үрс маш олон болох болтугай” хэмээн хоолой гэгэлзүүлэн өгүүллээ.
Сайхан сэтгэлт хүмүүсийн маань буян хишиг нь дэлгэрч явах болтугай.