Сэлэнгэчүүд ургацын баяраа тэмдэглэлээ
Энэ намар арвин их ургац хураан авсан Сэлэнгийн тариаланчид ургацын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ургацын баярт Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан болон Үйлдвэр хөдөө аж ахуйн Яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээ, Монголын тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэй нар оролцлоо. Ургацын баярын хуралд оролцогчдод хандан аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ:
 
 
-Төр засгаас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар авсан олон цогц арга хэмжээ, ”Атрын гурав дахь аян тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг Сэлэнгийнхээ онцлогтой уялдуулан амжилттай хэрэгжүүлснээр жил бүр манай тариаланчид арвин их ургац хураан авч ирлээ. Энэ намар манай тариаланчид, ногоочид маань 240,1 мянган тонн үр тариа үүнээс 233,0 мянган тонн улаанбуудай, 62,1 мянган тонн төмс, 34,0 мянган тонн хүнсний ногоо хурааж, 145692 га-д чанартай уринш бэлтгэж, 172 га-д жимс, жимсгэнэ тариалсан нь атар газар эзэмшсэнээс хойшхи 54 жилийн түүхэнд улаанбуудайн хувьд хоёр дахь, төмс, хүнсний ногооны хувьд анхдагч дээд амжилт тогтоож, амжилтын түүхээ зузаатгасан жил байсныг дурьдаж, арвин ургацын эзэддээ баяр хүргэе гэлээ.
Сэлэнгийн тариаланчид өнөө жил авсан энэхүү арвин ургацаа оруулаад сүүлийн 4 жил 850,9 мянган тонн үр тариа, 203,7 мянган тонн төмс, 129,2 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 51,5 хувь, төмсний 26,7 хувь, хүнсний ногооны 36,1 хувийг эзэлж байгаа юм.
Баярын хурлын үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим тариаланчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулж өглөө. Үүнд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Хүдэр сумын “Хүдэр ургац” ХХК-ий менежер Б.Баатар, Алтан гадас одонгоор Хүдэр сумын “Шанд ургац” ХХК-ий механикч Д.Балдан, Хүдэр сумын “Хүдэр хурниад” ХХК-ий үтрэмийн эрхлэгч Ж.Ерэнтэй, Хөдөлмөрийн хүндэт медалиар Орхонтуул сумын “Туулын хөндий” ХХК-ий комбайнч Д.Цогзол, З.Цэвэгбаатар нар шагнагдлаа.
“Хөдөө аж ахуй,хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК-ий механикжуулагч Д.Батцогт, Сайхан сумын “Номгон тариа” ХХК-ий захирал А.Амараа, Үйлдвэр хөдөө аж ахуйн Яамны “Жуух бичиг”-ээр Баянгол сумын “Түмэн хараа” ХХК-ий менежер Н.Энхцэцэг нар шагнагдав.
Мөн баярын үеэр 2012 оны хөдөө аж ахуйн алдартнууд, шилдгийн шилдгүүдийг тодруулж, шагналаа.
Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац хурааж тэргүүлсэн сумаар Түшиг сум, нэгж га талбайгаас хамгийн их төмсний ургац хураасан сумаар Хүдэр сум, нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногоо хураасан сумаар Мандал сум, газар тариалангийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалтаар хийсэн аж ахуйн нэгжээр Ерөө сумын “Доолт” компани, нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац хураасан аж ахуйн нэгжээр Зүүнбүрэн сумын “Бүрэн тал” ХХК шалгарлаа. Хамгийн их жимс, жимсгэнэ тариалсан сумаар Мандал сум, таримлын сэлгээг амжилттай нэвтрүүлсэн аж ахуйн нэгжээр Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК, газар тариалангийн салбарын шилдэг менежерээр Жавхлант сумын “Хурниад” ХХК-ийн захирал Б.Батболд тодорлоо. Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ий тракторч, комбайнч Б.Батдорж, хамгийн олон төрлийн ногоо тарьж, арвин ургац авсан ногоочноор Шаамар сумын ногоочин Д.Бямбаа нар тодорлоо.Мөн сүүлийн жилүүдэд тогтвортой өндөр ургац авч амжилт үзүүлсэн тэргүүний аж ахуйн нэгж, ХХК, тариаланчид, ногоочдыг шагнаж урамшууллаа.
Баярын үеэр аймгийн Засаг дарга С.Бүхэнбат Сэлэнгийн тариаланчдын ажил үйлс, ашиг орлогод бодитой, үр нөлөө бүхий дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг “Алтан тариа” ХХК-ий захирал П.Цэнгүүн, “Улаанбаатар гурил” ХХК-ий захирал Ц.Баатарсайхан, “Милл хаус” ХХК-ий захирал Чинзориг нарыг аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.
Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглож, улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан болж, Сэлэнгийн тариаланчид ургацын баяраа амжилт бүтээлээр дүүрэн,дуутай, хууртай, шагналын хуртай тэмдэглэлээ.
 
 
Зураг дээр: - Баярын хурлын үеэр  
 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хүдэр сумын “Хүдэр ургац” ХХК-ий менежер Б.Баатар

Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац хурааж тэргүүлсэн Түшиг сумынхан