Ногоон орон нутаг, эрүүл иргэд

 

 

“Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай аймагт “Нисдэг сүргийн гайхамшиг” төсөл 2009-2011 онд амжилттай хэрэгжсэн юм. Үүний үргэлжлэл болж, ”Байгаль хамгаалал ба өрхийн амьжиргааг дэмжих” төсөл дахин хэрэгжихээр болоод байна.
 
 
Төсөл зөвхөн манай аймагт төдийгүй Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий аймгуудад гурван жилийн хугацаатай хэрэгжих аж. Төсөл тэсвэр сайтай, мод, бут тарих, “Ойн нөхөрлөл” байгуулж, иргэд өөрсдөө ойгоо хамгаалж, нөхөн сэргээх, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэн амьдралаа дээшлүүлэх боломжийг олгох юм байна. Энэ үүднээс дээрх аймгуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болж, “Дэлхийн зөн” Австралийн Монгол орныг хариуцсан менежер Дэвис Вамавунго оролцлоо. Тэрээр ярихдаа:
Миний бие Сэлэнгэ аймагт хоёр дахь удаагаа ирж байна. Анх зөгийн төсөлтэй танилцах гэж ирээд сэтгэгдэл их өндөр байсан. Ингээд дахин Австралийн Засгийн газрын санхүүжилтийн үр шимийг Сэлэнгэчүүдэд хүртээхийг хүссэн. Энэ бол та бүхэнд олгож байгаа сайхан боломж. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэд ямар хүсэл, бодолтой байгааг мэдэх гэж ирсэн. Мэдээж төслийн үр шимийг хүртэгчид нь орон нутгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд байх учраас төслийн санаачилгаа иргэд өөрсдөө гаргавал илүү амжилт олно гэж бодож байна гэлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид мод тарих ажилд хүүхдүүдийг татан оролцуулах, хүүхдийн эко клубүүдийг дэмжих, үдийн цай хөтөлбөрт зөгийн бал, жимсний бүтээгдэхүүн оруулах, ширгэсэн булаг шандыг сэргээх, цэнгэг усны нуур байгуулах, байгаль орчинд ээлтэй эко бизнес эрхлэх зэрэг олон санал, санаачилга гаргасан байна. Ногоон орон нутаг, эрүүл иргэд уриатай төслийн ирээдүйд итгэлтэй байна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна.
 
 
Зураг дээр: “Дэлхийн зөн” Австралийн Монгол орныг хариуцсан менежер Дэвис Вамавунго