Ж.БАЯРМАГНАЙ: ХАЛАЛТТАЙ ТЭМЦЭХ НЭГ ГОЛ АРГА БОЛ ТЭГ БОЛОВСРУУЛАЛТЫГ Л НЭВТРҮҮЛЭХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чагтай” компанийн захирал, ХАА-н ухааны доктор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Жалсрайн Баярмагнайтай Зүүн баруун хонд гэдэг газар ургацаа хурааж байх үед нь уулзаж ярилцлаа.

-Та сайхан намаржиж байна уу.
-Сайн. Та бүхэн сайн явж байна уу? Ажил төрөл өндөр үү?
ө, сайн. Та бүхэн өөр газарт нүүх гэж байгаа юмаа даа. Эндэх тариагаа ч хураагаад дуусчихаж…?
-Харин тийм. Манайх энэ урд талбайгаа хурааж дуусаад өөр талбайд орохоор ажилчдынхаа байрыг нүүлгэж байна. /инээв/.
-Энэ жил танай компани хичнээн га-д тариалалт хийсэн бэ. Энэ жилийн ургацын  онцлог юу байв?
-Энэ жил манай компани 2000 гаруй га-д тариалалт хийсэн. Үүнээсээ улаанбуудай 1500 га, гурвалжин  будаа 350 га-д, рапс 130 га-д, мөн 22 га-д доник тарьсан. Энэ жилийн зун нэлээд хатуухан боллоо. Маш их халсан, маш их гантай байлаа. Манай компанийн хувьд ургац хураалт хэвийн явж байна. Ерөнхийдөө уриншид тарьсан талбайн ургац сайн байна. Одоогийн байдлаар манайх 800 га-ийн ургацаа хураагаад, га-гаас 15-16 цн ургац авч байна. Одоо гурвалжин будааныхаа хураалтанд орно.
 -Доник гэдэг маань ямар ургамал  билээ?
-Өнгөрсөн жил манайх 30-га-д доник тарьсан. Харин энэ жил 22 га-д тариалсан. Доник бол 2 наст ургамал. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, хөрсийг азотоор бордож байдаг ийм онцлогтой ургамал. Энэ ургамлаар би өмнө нь эрдмийн ажил хийж байсан юм. Энэ ажлаа ямарч гэсэн амьдрал дээр, практик дээр нэвтрүүлэн ажиллаж байна. Доник тарьсан нэг га талбайгаас 300 кг бал өгдөг бас балт ургамал юм шүү дээ. Маш чанартай балтай. Доник нь агаарын азотыг биксацалж аваад хөрсөнд хийгээд хөрсийг азотоор борддог ач тустай ургамал. Иймээс миний зүгээс энэ аргыг ямарч гэсэн компанидаа бүрэн нэвтрүүлж, бүх талбайгаа доникоор ээлжлэн тариалах системд оруулаад, талбайгаа бордох зорилготой ажиллаж байна.
-Доникын балаар юу хийж болох вэ?
-Энэ бал чинь бас их ашигтай. Жишээ нь хөрс бордоно, үр авна, ямар ч тэжээлд ашиглаж болно. Тухайлбал дарш хийж болно, хадлан хийж болно гэх мэт их ашигтай ургамал.
-Гурвалжин будааны борлуулалтаа яаж хийж байна. Гурвалжин будааг борлуулахад нэлээд хүндрэлтэй гэж ярьдаг...?
-Манайх гурвалжин будааны борлуултаа Улаанбаатар хотод хийдэг. Гурвалжин будааг хальслаад хүнсний бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг газрууд бий болсон юм билээ. Тэд нар ирээд худалдаад авчихдаг.


-Танайх их олон төрлийн ургамал тариалдаг юм байна. Үүний ашиг тусыг мэргэжлийн хүний хувьд тодорхойлохгүй юу?
-Манайх өнөөдрийн байдлаар улаан буудай, арвай, овьёос, гурвалжин будаа, доник гэсэн 5 төрлийн ургамал тариалж байна. Цаашдаа ургамлын төрлөө улам олшруулна гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл ээлжлэн тариалах системийг нэвтрүүлж байна л даа. Энэ гурвалжин будаа бол ээлжлэн тариалдаг системд маш чухал ургамал. Рапс ч мөн ялгаагүй. Ээлжлэн тариалах системд аль болох олон ургамал байвал хөрсөндөө сайн байдаг. Эхний тариалсан ургамал дараа дараагийнхаа тариалалтанд нөлөөлдөг. Улаанбуудай гэхэд гурвалжин будаанд маш сайн өмнөгч болно. Гурвалжин будаа нь рапсдаа маш сайн өмнөгч болно. Улаанбуудайны авч чаддаггүй шим тэжээл бодисыг гурвалжин будаа авч чаддаг. Эргээд тэрэндээ ашигтай болдог. Улаанбуудай доошоо гүн рүүгээ хүрэхгүй газар рапс очиж тэндээс шим тэжээлээ дээш нь гаргаж үндэстэйгээ үлдээж өгдөг. Бүгд хоорондоо холбоотой байдаг. Энэ аргыг хэрэглэж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Ийм л зорилгоор манай компани ажиллаж байна.
-Техникийн шинэчлэлт хэр хийсэн бэ?
-Ер нь манай компанийн хувьд хөрсний үржил шимийг дээшлүүлэх, ургац нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх тал дээр гол ажлаа чиглүүлэн ажиллаж байгаа.  Техникийн шинэчлэлтийг кат, челленжер, жондеер, паляск зэрэг дэлхийн брэнд болсон техникүүдээр шинэчлэлтээ бүрэн хийж чадсан.
-Сүүлийн жилүүдэд ихээхэн дулаарах боллоо. Ийм үед хаврын тариалалтанд ямар технологи барьвал зүгээр юм бол...?
-Манай компани хөрс хамгаалах тэг боловсруулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Одоо манайх чинь хоёр градусаар халчихаад байгаа ш дээ. Цаашдаа ч хална. Энэ бол дэлхий даяар явж байгаа процесс. Иймээс үүнтэй тэмцэх нэг гол арга бол тэг боловсруулалтыг л нэвтрүүлэх. Тэг боловсруулалт бол хөрсөө сүрлээрээ хучина. Сайн хучилтын доор тухайн чийг алдагдахгүй байдаг. Хөрсийг хөдөлгөхгүй бол хөрс тэр хэмжээгээрээ чийгээ хадгалж хамгаалж байдаг. Салхинд хийсэхгүй, усанд элэгдэхгүй. Иймээс энэ технологи руу манайх орсон. Цаашдаа бүрэн орох ийм л чиглэлээр ажиллаж байна. Мөн ээлжлэн тариалах системээ шинэчлэх, ганд тэсвэртэй сорт, таримлуудыг тарих зэргээр олон талын арга хэмжээг авч байж л энэ халууныг давж гарна даа.
-Танайх ямар сортын будаа тариалж байна?
-Улаанбуудайны хувьд Бурятский остистий сорт, Дархан-144 байна. Энэ сортууд ямарч гантай үед бусад сортуудаас илүү ургац өгдөг. Иймээс энэ сортуудыг би үржүүлж байгаа. Остистый сортыг энэ жил Буриадаас авна. Энэ жил би үржүүлэг хоёрыг Дархан-Уул аймгийн ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан. Өөрөө компанидаа үржүүлж эхэлсэн. Ирэх жил манайх супер элит үр тарих бололцоотой болсон.
-Баярлалаа. Арвин их ургац хураан аваарай.

-За та бүхэнд ч баярлалаа.

Д.Одонтунгалаг