Агаарын бөмбөлгөөр аялагч В.А.Ефремов Сэлэнгэ аймагт ирлээ
ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А.Ефремов өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт алдарт “Гэгээн Орос” агаарын бөмбөлгөөрөө Улан-Үд хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч, Сүхбаатар хотод энэ сарын 6-ны өдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн ЗДТГ-т хүлээн авч, найрсаг яриа өрнүүллээ. Тэрээр олон жил нислэг хийж байгаа бөгөөд хүйтний улиралд нисэхэд хүндрэлтэй байгаа ч зорьсон хэргээ биелүүлж, Дархан, УБ хот, Хөвсгөл нуур хүртэл аялана гэж ярилаа. Түүний агаарын бөмбөлөг цагт мянган км урт замыг туулах чадвартай гэнэ. Энэ өдөр тэрээр аймгийн төв Партизаны талбай дээр бөмбөлгөө хөөргөн үзүүлж, хүссэн хүүхэд, залуусыг бөмбөлөгтөө суулган хөөргөж, дурсгалын зургаа авахууллаа.
 
- ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, “Моя Москва” соёлын сангаас хамтран Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж энэхүү аялал маань хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх үйлсэд чухал алхам болно хэмээн Ефремов Валентин Алексеевич ярилаа. Тэрээр урьд нь манай улсад хэд хэдэн удаа ирж, Хөвсгөл нуураас говь хүртэл агаарын бөмбөлгөөр аялж байжээ.
 
Зураг дээр: Партизаны талбайд агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А.Ефремов бөмбөлгөө хөөргөж байгаа нь
 
Р.Бумдарь