Борлуулалтын асуудлыг шийдэж өгсөнд ногоочид сэтгэл хангалуун байна

Иргэдэд газар дээр нь очиж хүрч үйлчилдэг аймгийн “Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 16-нд Дулаанхаан тосгон, Шаамар сумаас эхэллээ. Энэхүү өдрийн арга хэмжээнд аймгийн бүх агентлагуудын дарга, мэргэжилтэнүүд оролцож, Нэгдсэн эмнэлгээс иж бүрэн үйлчилгээ үзүүлэх тусгай баг гарч ажилладаг уламжлалтай. Энэ жилийн баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10-р сарын 20-ыг дуустал аймгийнхаа бүх сум, тосгодоор явж төрийн үйлчилгээг үзүүлнэ. Жил бүр яваад хэвшчихсэн ажил учраас энэ өдрийг сумдын иргэд хүсэн хүлээдэг болжээ. Тиймээс ч зардал чирэгдэл болж аймгийн төв явахын оронд бүтэн багаар явж байгаа үйлчилгээг дэргэдээсээ авахыг чухалчилж байна. Эмнэлгийн үйлчилгээ авах нь эмнэлгийнхэнд, газар, үл хөдлөх, мал аж ахуй, иргэний бүртгэл, халамж гээд асуудал бүхнээ газар нь дээр нь шийдүүлдэгт энэ өдрийн давуу тал оршино.

Аймгийн дарга очсон сум бүрийнхээ ард иргэдтэй уулзаж цаг үеийн болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, тэдний санал бодлыг сонсон, тодруулж асуусан асуултанд нь хариулт өгч явна. Шаамар, Дулаанхааны иргэдтэй уулзсан уулзалтаас харж байхад аймаг, орон нутгийнхаа удирдлагуудын хийсэн бүтээсэн, хийж байгаа ажилд иргэд сэтгэл хангалуун байна. Шаамарчууд өөрсдийнхөө боломжид тулгуурлан орон нутгийнхаа хөрөнгөөр замын асуудлаа шийджээ. Мөн орон нутагтаа тохируулсан өвөрмөц шийдэлтэй шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болохоор барилгын ажил нь эхэлсэн байна. Хогныхоо асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, Дулаанхаан тосгонд төрийн албан хаагчдын орон сууц барьж байгаа гээд Шаамарчуудад хийсэн, хийх гэж байгаа ажил олон байна. Тус сумын хувьд айл өрх бүр ногоочид байдгаараа онцлогтой. Эдгээр хүмүүсийн жил бүрийн намарт “шүдний өвчин” болоод байсан ногооны борлуулалтын асуудал энэ жил тэдэнд ашиг тустайгаар шийдвэрлэгдэж чадсанд ногоочид тун сэтгэл хангалуун байна. Аймаг орон нутгийн удаа дараагийн санал хүсэлтийг МУ-ын Засгийн газар ажил хэрэг болгосон нь энэ билээ. Уулзалтын үеэр иргэдээс түлшний мод, 34 дэх айл өрхүүдийн цахилгааны хүчдэл муу, ногоочдод хөнгөлттэй үнээр хүлэмж олдох эсэх зэрэг асуудлууд гарсан бөгөөд түлшний модны асуудал шийдвэрлэгдсэн бол Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаний захирал Гэрэлт-Од цахилгааныг үе шаттайгаар сайжруулна гэлээ.