АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Аднан Куэрэши, “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх” төслийн техникийн ахлах зөвлөх Инглис С.Андрю болон тус төслийн орон нутгийн зохицуулагч Д.Ганболд, төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго нарыг хүлээн авч уулзлаа. Эдгээр хүмүүс өөрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр түүний үр дүнг танилцуулан, цаашид хэрхэн хамтарч ажиллах саналаа аймгийн даргад илэрхийлж харилцан санал солилцлоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран сүүлийн 10 жилийн хугацаанд 30 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. 2010-2014 онд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэн Хүнсний баталгаат байдлыг хангах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Жавхлант, Сант сумдад нийт 240 гаруй хүнсний ногоо тариалдаг айл өрхүүдэд хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлж, чадавхи сайжруулах сургалтанд хамруулсан байна.

2016-2019 онд ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуй, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Аднан Куэрэши:- “НҮБ-ын ХХААБ-аас мөн даян дэлхийн байгаль орчны сангийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа. Энэ нь байгаль орчин буюу ойн салбарт юм. Бид орон нутагт ойн нөхөрлөлүүдтэй хамтарч ажиллаж байна. Нөхөрлөлүүдэд биеэ дааж үйл ажиллагаагаа явуулах чадамж хараахан бүрдээгүй байгаа. Бидний гол зорилго энэ байдалд анхаарал хандуулж, сургалт сурталчилгаанд хамруулах. Тухайлбал “ойн арчилгаа гэж” байна. Үүнийг нөхөрлөлүүдэд биеэ даан хэрхэн явуулж болох, төрийн холбогдох байгууллагуудтай хамтран яаж явуулж чаддаг юм бэ гэдгийг харуулах үүднээс бид ажиллаж байна. Миний бие сая Сэлэнгэ аймгийн нэг ойн сантай газар дээр нь очиж танилцлаа. Эндээс харахад ойн нөхөрлөлүүд маань үйл ажиллагаагаа явуулж чадаж байна” гэлээ.

Ойн цэвэрлэгээг нөхөрлөлүүдээр хийлгэх нь бодитой дэмжлэг мөн боловч цаашид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах хэмжээний суурь болж чадахгүй байгаад анхаарч байгаа ажээ. Хэрвээ ойн нөхөрлөлүүд мэргэжлийн туслалцаа, удирдлагын дор арчилгааны нэг болон хоёрдугаар хэлбэрийг авч явуулах боломжтой болчихвол Монгол орны ой эрүүлжээд зогсохгүй аль аль талдаа эдийн засгийн үр өгөөжтэй байх нөхцөл бүрдэх юм байна. Энэ нь цаашлаад түлшний модны хэрэглээний тодорхой хувийг хангах, энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Төслийн зүгээс арчилгаанаас гаргасан материалаар модны цавчдас хийж, нунтаглан шахаж хорголжин түлш үйлдвэрлэх ажлыг туршилтаар эхлүүлээд байгаа ажээ.