Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа
Жолоочийн даатгалын тухай хуулийн орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах баталгааг бий болгох, зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, хохирсон иргэн бүрт нөхөн төлбөр олгох ажлын чанарыг сайжруулах зорилгоор жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргаас албан даалгавар гарч хэрэгжилтийг эхлүүлээд байна.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд жолоочийн даатгалын тухай хууль, холбогдох эрх зүйн актуудын агуулга, ач холбогдлыг тээврийн хэрэгсэл өмчлөгч бүрт хүргэх, сурталчлан ойлгуулах,жолооч бүрийг даатгалд хамруулах, хохирсон иргэн бүрт нөхөн төлбөр олгож, хууль тогтоомжийг мөрдөж, шуурхай ажиллахыг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Даатгалын компаниудын салбарын захирал нарт, Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, албан журмын даатгалын талаар олон нийтэд мэдлэг олгох, даатгалын тохиолдлыг шуурхай үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүргээ хангаж ажиллахыг Албан журмын даатгагчдын холбооны аймаг дахь Шуурхай албанд, хуулийн агуулга, ач холбогдлыг ард иргэдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хяналт шалгалт зохион байгуулах, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүрийг даатгалд хамруулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус даалгасан байна.