“Ногоон гэрэл цагаан шугам-2013” аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн 3-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Ногоон гэрэл цагаан шугам-2013” аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
 
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүхий энэхүү тэмцээнд бүс бүсийн төвүүдээс шалгарсан багууд ирж оролцсоноороо онцлогтой болсон юм.
 
Тэмцээнд Сүхбаатар сумын 5-р 9 жилийн сургуулийн О.Алтаншагай ахлагчтай “Цагаан шонхор”, 6-р 12 жилийн сургуулийн Д.Энхтуяа ахлагчтай “Хангарьд”, 2-р 12 жилийн сургуулийн Э.Эмүжин ахлагчтай “Зохицуулагч“, 1-р сургуулийн Г.Оюунзаяа ахлагчтай “Аварагч дохиур”, Түшиг сумын А.Алдар ахлагчтай “Түшигийн цуурай”, Сүхбаатар сумын 4-р 12 жилийн сургуулийн “Торгон замын зохицуулагч”, Сайхан сумын Хөтөл хотын Цэрмаа ахлагчтай “Цагаан шонхор”, Ерөө сумын Т.Ахинбаяр ахлагчтай “Зохицуулагч” гэсэн 8 багийн 90 гаруй хүүхэд авхаалж самбаагаа сорилоо.
 
Тэмцээний тэргүүн байрыг Г.Оюунзаяа ахлагчтай, Сүхбаатар сумын “Аврагч дохиур”, 2-р байранд Б.Бямбанаран ахлагчтай, Сүхбаатар сумын “Торгон замын зохицуулагч”, 3-р байранд Т.Ахинбаяр ахлагчтай Ерөө сумын “Зохицуулагч”, тусгай байранд Э.Эмүжин ахлагчтай Сүхбаатар сумын  “Зохицуулагч“, Сайхан сумын Г.Оюунбаатар ахлагчтай “Цагаан шонхор” багууд шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэргүүн байр эзэлсэн "Аврагч дохиур" баг цулсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.
 
Тэмцээний ерөнхий шүүгчээр Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхбат, шүүгчээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн О.Чулуунболд, Сэлэнгэ аймгийн авто сургуулиудын холбооны гишүүн, Мон авто сургуулийн багш Галбадрах, Соёл спорт аялал жуучлалын газрын дасгалжуулагч багш н.Энхбат нар ажиллалаа.