Аймгийн Цагдаагийн газар “Иргэдийг угтах үйлчилгээ”-г бий болголоо
Дутагдал гаргасан 52 алба хаагчийн цалинг хасчээ
 
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар, Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагаас батлан хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, шинэтгэлийн хөтөлбөрүүд, бодлого чиглэл, өөрчлөлтийн талаар алба хаагчдад болон иргэдэд сурталчлах ажлыг өргөнөөр зохион байгуулж байна.
 
Энэ ажлын хүрээнд Цагдаагийн газрынхаа 1-р давхарт иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, лавлагаа өгөх, иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг сурталчлах чиглэлээр “Иргэний танхим”-ыг байгуулсан бөгөөд одоогоор нийт 126 иргэнд үйлчилж, эрх зүйн туслалцаа өгөөд байна. Мөн Цагдаагийн газрын хэлтэс, тасаг, албад 14 хоног тутамд зохион байгуулсан ажлаа хамт олондоо танилцуулж, газрын удирдлагаас тухайн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч, үүрэг чиглэлээр ханган ажилладаг болсон байна.  
Энэ хугацаанд ажлаараа хошуучлан ажилласан 47 алба хаагчийн цалинг 5-20 хүртэл хувиар нэмж, дутагдал гаргасан 52 алба хаагчийн цалинг 5-20 хүртэл хувиар хасаж олгожээ.
 
Цагдаа ажиллаж байна. Та айх, санаа зовох хэрэггүй
Иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор ажлын цагаар дотооддоо аливаа арга хэмжээ, сургалт зохион байгуулахгүй. Харин ажлын бус цагаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хариуцсан ажилдаа бие даан шийдвэр гаргах, хөндлөнгөөс оролцохгүй байх, “Би төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэгч” гэсэн хандлагаар өөрчлөн төлөвшүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Тус газрын хэв журмын ажилтнууд, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар зөрчил дутагдал гаргасан хүнийг хайдаг биш, харин иргэдтэй уулзаж ярилцан, санал гомдол мэдээллийг нь сонсдог боллоо. Мөн нутаг дэвсгэртээ “Цагдаа ажиллаж байна. Та айх, санаа зовох хэрэггүй” гэдгийг иргэдэд ойлгуулан, ил гарч ажиллах болсон нь иргэддээ ойртсон, тэдний хүндлэлийг хүлээсэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шалгарсан арга болж байна.       
 
Иргэд, алба хаагчидтай уулзаж байхаар болжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төв байранд “Иргэдийг угтах үйлчилгээ”-г бий болгосон байна.  Үйлчилгээний хүрээнд иргэдийг алба хаагчидтай шуурхай уулзуулах ажлыг зохион байгуулж, өнөөгийн байдлаар Захиргаа, Санхүү аж ахуйн алба 547, Хэрэг бүртгэх тасаг 236, Эрүүгийн тасаг 156, Мөрдөн байцаах тасаг 2367, Хэв журмын тасаг 867, Замын цагдаагийн тасаг 613, нийт 4786 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна.