Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Хиагтын аймагтай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа
Монгол-Оросын найрамдлын сарын аяны хаалтын арга хэмжээ 11-р сарын 01-ний өдөр Сүхбаатар хотноо боллоо. Арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсын Дархан-Уул аймагт суугаа консул И.С.Мостыка, Хиагтын аймгийн дарга А.В.Буянтуев тэргүүтэй төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг даргын орлогч Н.Батдорж, Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, албадын дарга нар, аймгийн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Энэ өдөр Сэлэнгэ аймгийн ЗД-ын орлогч Н.Батдорж, ОХУ-ын Хиагтын аймгийн дарга А.В Буянтуев нар Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Хиагтын аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Сэлэнгэ аймаг ОХУ-ын Хиагтын аймагтай эртний найрсаг харилцаатай, салбар бүрт хамтран ажилласаар ирсэн уламжлалтай.
 
Энэ жилийн тухайд Хиагтын аймгийн шинэ томилогдсон удирдлагууд хүрэлцэн ирснээрээ онцлог байв. Энэ удаагийн гэрээнд боловсрол, спорт, эрүүл мэнд, ХАА, жимс жимсгэнэ, аялал жуулчлал, хилийн худалдаа үйлчилгээг голлон тусгасан байна. ОХУ-аас Монгол улсын Дархан-Уул аймагт суугаа консул И.С.Мостыка “Монгол, Орос хоёр улс нэг өдөр ижил хэмжээний баяр тэмдэглэх гэж байна. 11-р сарын 04-ний өдөр Монгол улсад их эзэн Чингис хаан мэндэлсний их баяр тохиож байгаа бол ОХУ-д Ард түмний нэгдлийн баяр мөн тохиож байна” гэдгийг онцолсон.