“ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн танилцуулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд боллоо. Энэхүү төслийн танилцуулгыг Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн чиглүүлэгч багш Ч.Оюун-Эрдэнэ хийв. Тус төсөл нь Монгол Улсын Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт 2017 оны есдүгээр сараас 2020 оны 6 сар хүртэл хэрэгжинэ. Төслийн танилцуулгад төрийн байгууллага, Иргэний нийгмийн болоод жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо. Эдгээр төлөөллүүд төсөлд оролцох  үүрэг оролцоо, бусдаас ямар дэмжлэг авах хүсэлт байгаагаа илэрхийлж зорилгоо тодорхойлов.

Энэхүү төслийн гол зорилго нь Сэлэнгэ аймгийн ард иргэдийн үндсэн орлого дээр тогтвортой аялал жуулчлалаас олох орлогыг нэмэх замаар ядуурлыг бууруулахад чиглэгдэж байна. Тодруулбал эдийн засгийн хүртээмжтэй байдал гэдэг нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчимтай ажээ. Уг төслийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар ажиллах бөгөөд санхүүжүүлэгч нь Германы ОУ-ын нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, TICA  байх юм.

Төслийн хүрээнд Аялал жуулчлалын эко бүтээгдэхүүн болон үнэ цэнийн гинжин хэлхээг Монгол Улсын гурван аймагт бий болгосноор үйл ажиллагааны үр дүн гарах учиртай. Энэ хүрээнд аялал жуулчлалын нөхцөл байдлын судалгаа хийх, орон нутгийн аялалын хөтөлбөрийн загвар гаргаж, брэнджүүлэх, орон нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн дизайн, үйлдвэрлэл, менежментийн тал дээрх чадавхийг сайжруулах үйл ажиллагаанууд явагдана.