МЭНДЧИЛГЭЭ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМЫН НИЙТ ИРГЭДЭД

            Тойлбын даваа, Баянзүрх уул, Хуурай даваа, Галсангийн гозгор, Орхон гол, Ар булан, Буурлын хошуу, Ивэн гол, Индэрт хөтөл, Шивээт уул Шивээтийн даваа, Тойлбын даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт, өгөөж хишигт газар нутагт төрж, тоглож өссөн, нутаглаж идээшсэн нутгийн уугуул иргэд, энэ газар нутагтай хувь заяагаар холбогдсон бүх хүмүүс, Сантчууддаа өнө эртнийтүүхийн улбаатай 90 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

            Тэртээ 1928 онд Хушаат сумын нутагт “Энх талын сангийн газар”нэртэйгээр байгуулагдан, 1960 онд Энх талын сангийн газрыг “Цагаан толгойн сангийн аж ахуй” болгож мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлж эхэлсэн нь өдгөөгийн Сант сумын эхлэл байжээ.

Сант сум нь Монгол алим, давжаа алим тариалж, баруун бүсийн сумдад мэргэжилтэй ажилтан бэлтгэн нийлүүлэх зорилгоор Мэргэжилт сургалт үйлдвэврлэлийн төвийн үүдийг нээж байсан түүхэн хөгжлийн энэхүү хугацаанд 138,7 мянган га нутагтай, 2169 хүн амтай, мах сүүний өндөр ашиг шимт мал аж ахуйтай, хүний төлөөх төрийн бүхий л ажил үйлчилгээ, нутгийн өөрөө удирдах ёс жинхэнэ утгаараа хэрэгжиж, иргэдийн ахуй амьдралаа өөд татах боломж бүрдсэн эдийн засаг нийгмийн цогцолбор болон бэхжсэн сум болоод байна.

        Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,” Алтан гадас” одонгоор олон хүмүүс шагнагдаж байсан нь Монгол Улсын шилдгүүд энэ нутагт цуглан хөдөлмөрлөж байсны гэрч болно.

       Сантчууд та бүхний идээшиж дассан энэ сум, нутаг орноос хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэл, ажил үйлсээрээ тодорч төр түмэнд үнэлэгдсэн Хөдөлмөрийн баатар Ж.Баасан, М.Эрхэмбяар, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Дамдин, З.Даш, Д.Загдаахүү, Ц.Доржрэнцэн, Ц.Санзай, Алдарт хоньчин Г.Насанхүү, Улсын хошой аварга малчин Д.Дүгэржав, анхны эмэгтэй тракторчин Алтангэрэл, механик Л.Дамдин  зэрэг олон алдартнууд төрөн гарсныг баярын энэ мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна.

            Угтах ирээдүй, хөгжлийн шинэ хандлага та биднээс өргөн далайцтай сэтгэж, эрч хүчтэй, үлдэц үрдүнтэй ажиллахыг шаардаж байгааг дор бүрнээ тунгаан, сум орон нутгийнхаа хөгжлийг эрчимжүүлэхэд хамтын сэтгэл, хичээл зүтгэл, санал санаачилгаа идэвхтэй өрнүүлэн амжилт үр дүнг бий болгоно гэдэгт Сантчууд та бүхэндээ итгэж, нутгийн зон олны хөгжил улам дэвшин дээшлэх болтугай.

Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар тэгш дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

”Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье”

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

 

       ИТХ-ЫН ДАРГА                                                  ЗАСАГ ДАРГА

           Г.БЯМБАА                                                           Ш.ОРГИЛ

 

2018.7.25