МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ

Уугуул нутгийн минь түмэн олон ахан дүүсээ Та бүхэндээ учран золгож байгаа шинэ оны гал халуун мэндийг аймгийн удирдлагын багийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Миний нутгийн ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмэн маань өөр өөрсдийн ажилладаг салбар бүрдээ бахархам сайхан амжилт гаргаж хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгож байгаад миний бие сэтгэл тэнэгэр байна.

Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд аймгийн удирдлагын баг “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг эрхлэх стратегийн бүс нутаг болгох” саналыг Засгийн газарт уламжилснаар 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор “Газар тариалангийн бүс нутаг” боллоо.

2018 онд байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын явцад хүндрэл бэрхшээл тулгарсан ч тариаланчид маань өөрсдийн мэдлэг туршлага, хичээл зүтгэл, аймаг орон нутгийн хамтын хүч дэмээр төлөвлөсөн ургацаа бүрэн хэмжээнд хураан авч Улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 36 хувийг үйлдвэрлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.

Улс аймаг, тив дэлхийн тавцнаа Сэлэнгэ нутгийн зовхи нь өөдөө залуус эх орныхоо нэрийг дуурсган мандуулж бахдам амжилтыг гаргалаа.

Хамтын хүч дэмээр шинэ ондоо өмнөх оныхоо ололт амжилтыг  бататган, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, айл өрх бүрийн амьдрал ахуйг дээшлүүлэн бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөцгөөе. 

 Эрхэм Та бүхний хүсэл болгон  тань  биелж  хүн  бүр  инээд   хөөртэй, эрүүл энх,  өргөө  хотлоороо  дүүрэн жаргалтай байхын ерөөлийг өргөе.    

 

“Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье”

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ