АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил намрын ургац хураалтын байдалтай танилцаж Хушаат суманд ажиллалаа. Тус сумын  “Элит үр”ХХК-ий төмсний ургац хураалт, шинэ сорт бий болгон гаргаж авч буй лабораторитой танилцав.

“Элит үр”ХХК бол Монгол Улсдаа ганц төмсний үр үржүүлгийн аж ахуйн нэгж. Тус аж ахуйн нэгжийг түшиглэн манай аймаг “Сэлэнгэ-5” шинэ сортын үрийг гарган авч төмс тариалагч иргэд, аж ахуйн нэгжүүддээ нийлүүлж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн талбайд хаягдаж орхигдсон болон бяцарч няцарсан хэрэгцээнд таараагүй төмсийг ашиглаж цардуулны үйлдвэр байгуулах том зорилтыг аймаг өмнөө тавиад байна.

Улсын тэргүүний тариаланч хамт олон шагналын эзэн “Өгөөж мандал уул”ХХК-ийн үтрэмийн талбай дахь шинэ ургацын будаа, хашаажуулалтыг аймгийн Засаг дарга үзэж сонирхлоо. Тариаланч, малчдын дунд үүсдэг маргаантай асуудлын нэг бол тариан талбайд мал орох. Энэ байдлыг “Өгөөж мандал уул”ХХК шийдэж эхэлжээ. Тус аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр тариан талбайг коридор үүсгэн хашаажуулснаар мал чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлж, малчид, тариаланчид хэн хэндээ хал балгүй болсон байна.

Өглөөний нартай уралдан тариаланчид, ногоочид амсхийх завгүй ажиллаж, цаг агаартай уралдан талбай дахь ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажил ид өрнөж байна. Атрын 60 жилийн ойдоо аж ахуй нэгж бүр ач холбогдол өгч өндөр ургац авах чинхүү хүсэл эрмэлзлэлтэйгээр хөдөлмөрлөж байна.