Зүүнбүрэн сумын “Соёл-эдийн засгийн өдрүүд”
Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сумдын “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ийг зохион байгуулах зорилтыг дэвшүүлж 2014 онд Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Ерөө сумдын “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Баруунбүрэн сумаар тус арга хэмжээ эхэлсэн бол энэ сарын 29-ний өдөр алдарт хурдан хүлгүүдийн өлгий нутаг Зүүнбүрэн сумаар үргэлжиллээ.
 
Тус арга хэмжээг сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, соёл, урлаг, аялал жуулчлалын ажил үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
 
Аймгийн төв партизаны талбайд Зүүнбүрэн суманд үйлдвэрлэгддэг айраг, сүү, цагаан идээ, талх нарийн боов, зөгийн бал, үндэсний хувцас, хонины ноосоор үндэсний хэв маягийг шингээн орчин үеийн хэв загвараар хийсэн төрөл бүрийн платье, цамц, өмд, майк, хослол, шүрэн хамгамал, монгол гэрийн хаалга, барилгын блок, гараар ширж оёсон ширмэл ширдэг зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдсан бол Сүхбаатар сумын Бор гүвээнд өндөр ашиг шимт шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа, бооцоот дааганы уралдаан тус тус зохион байгуулагдлаа.
 
 
Сумын түүх, албан байгууллага, алдар суутнуудын танилцуулгыг тусгайлан бэлдсэн самбар бүрээр гаргаж Партизаны талбайд байршуулсан нь иргэд олон нийтийн таашаалд нийцэж байлаа.
 
Сумаас төрөн гарсан мэргэжлийн дуучид, ардын авъяастнуудын “Бүрэн нутгийн аялгуу” урлагийн тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор 2 цагийн турш үргэлжлэн явагдлаа. Тус тоглолт мэргэжлийн дуучдаар “зодсон” тоглолт болсон. ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин СТА н.Батбаатар, н.Болормаа, СТА н.Бадрал, ДБЭТ-ын гоцлол дуучин н.Бат-Эрдэнэ, н.Энхтунгалаг, дуучин Сэлэнгэгэрэл нарын мэргэжлийн дуучид ая эгшигээ өргөн, “Сэлэнгэ долгио” чуулгын тайзыг хүчирхэг хоолойгоор нэгэн оройн турш чимлээ. Тус сумаас ганцхан ЦДБЭЧ-д л гэхэд 3 дуучин ажилладаг байна. “Бүрэн нутгийн аялгуу” тоглолт мэргэжлийн дуучид, ардын авъяастан хүүхэд багачууд, залуучууд, нутгийнхаа нэрийг нийслэл хотноо гаргаж байгаа зауу хип хопичдын хамтлаг гээд дутуу юмгүй тоглолт боллоо.
 
 
Ийнхүү Зүүнбүрэнчүүд өөрийн урлаг соёл, авъяас чадвар, бүтээлч хөдөлмөр, алдартнуудаа олон нийтэд сурталчлан таниулсан “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
 
“Соёл-эдийн засгийн өдрүүд”-ээ тэмдэглэх дараагийн сум Түшиг бөгөөд 08 дугаар 03-ны өдөр тус арга хэмжээ зохион байгуулагдана.