Автомашин, мотоциклийн бартаат замын улсын уралдааны 1 дүгээр шат Шаамар суманд боллоо
Автомашин, мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах цуврал уралдааны 1-р шатыг Монголын автомашин мотоциклын спортын холбоо, Техникийн спортын холбоо хамтран зохион байгууллаа. Улсын аварга шалгаруулах бартаат замын уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Шаамар сумын уугуул Отгонбаярын Жаргалсайхан, Аюурзанын Оюунбат нар ажиллаж сумынхаа 90 жилийн ойд бэлэг барилаа.
 
Мотоциклийн бартаат замын уралдааны 1-р шатыг Шаамар сумын иргэн Бужгарын Банзрагч агсын гэр бүл үр хүүхдүүд ивээн тэтгэж, “Түүхт Шаамар” төрийн бус байгууллага хамтран ажилласан байна. Улсын аваргын 1-р шатанд оролцож байгаа автомашин, мотоциклын нийт тамирчдад Шаамар сумы байгуулагдсаны 90 жилийн ойн медаль гардуулан өгсөн. Мотоспортын олон улсын хэмжээний матсер Э.Халиунболд, Тэмүүжин, спортын мастер Нямдаваа, Мөнхболор, Оргил, Баярмагнай, спортын дэд мастеар Мөрөн, Автоспортын олон улсын хэмжээний мастер Дарханжаргал, Батсайхан, Пүрэвсүрэн, Гансүх, дэд мастер Батбаатар нарын шилдгүүд энэ удаа хурд хүч, эр зоригоо сорин өрсөлдлөө.
 
 
Монголын автомашин, мотоциклийн холбооны зөвлөх МУ-ын Гавъяат дасгалжуулагч Л.Баасанжав:-“Бид тив дэлхийд алдартай автомашин, мотоциклийн шилдэг тамирчдынхаа уран тоглолтоор та бүхнийгээ баясгахаар хүрэлцэн ирлээ. Өнөөдөр автомашины 20 гаруй тамирчид ирсэн. Монгол улсад анхны автомашины спортыг үүсгэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Шаамар сумын харъяат тамирчид энд хүрэлцэн ирсэн. Мөн Сэлэнгэ аймгийн уугуул ази болон дэлхийд алдартай тамирчид ирсэн. Монголын тамирчдын ур чадвар хэр өндөрт хүрснийг та бүхэн өнөөдөр харах болно. Шаамар сумын түүхт 90 жилийн ойд зориулан Монголын автомашины мотоциклийн холбооноос зохион байгуулж буй төмөр хүлгийн эзэддээ амжилт хүсье” гэлээ.