АЛТАНБУЛАГ Монголын анхны 24 цагийн үйл ажиллагаатай боомт боллоо
Энэ сарын 01-ний өдөр Монгол улсын хойд хил Алтанбулаг боомтыг 24 цагт шилжүүлэх нээлтийн ажиллагаа боомт дээр боллоо. Энэ бол Орос, Монголын зорчигч иргэдийн олон жилийн хүлээлтийн үр дүн. Нээлтийн ажиллагаанд боомт дээр үйл ажиллагаа явуулдаг хил, гааль, хяналтын байгууллагууд, боомтын захиргаа, аймаг, сумын удирдлагууд оролцлоо.
 
Алтанбулаг боомтын захиргааны дарга П.Тогтохбаяр:-“ОХУ, Монгол улсын хоёр талын Загийн газар болон хоёр талын байгууллагуудын маш олон жил яригдсан зүйл маань өнөөдөр албан ёсоор хоёр талын дипломат харилцааны үндсэн дээр хэрэгжлээ. Энэ нь хамгийн түрүүнд хилээр зорчиж байгаа иргэдэд эерэг сайн нөлөөтэй. Мөн орос, монгол хүмүүсийн харилцааны эерэг сайн алхамууд бас явж байгаа юм. Энэ 24 цаг болох үйл ажиллагаа бол бидний эхний нэг үе шат. Дараа дараагийн удаа хоёр улсын хилийн хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрөх, хилийн хяналт шалгалтын адилтгалыг хүндэтгэн үзэх гэх мэтчилэн олон үйл ажиллагаа төлөвлөгдөөд явж байна. Ийнхүү Алтанбулаг боомт өнөөдрөөс эхлэн Монголын хамгийн анхны 24 цагийн үйл ажиллагаатай автозамын боомт болж байна” гэлээ.
 
 
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Баярмагнай:-“Энэ бол олон жил яригдсан асуудал. Хил хяналтын бүх байгууллага, Гаалийн байгууллага бүгд тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байсан. Өнөөдрийн 18 цагаас эхлээд зорчигчид 24 цагаар зорчино. Нутгийн иргэд болон зорчигчдод анхааруулж хэлэхэд ачаа зорчихгүй гэдгийг хоёр улсын гэрээнд заачихсан байгаа. Тиймээс зөвхөн зорчигчдыг тээвэрлэж байгаа автобус, суудлын тэргийг ачаагүйгээр авах тохироотой юм. Ачаа зөөгөөд байх вий гэдгийг анхааруулъя. Тэгэх юм бол оросын хил дээр очоод л буцна. Тиймээс өөртөө болон хил гаалийн үйлчилгээнд хүндрэл учруулахгүйгээр зорчоорой гэдгийг ард иргэддээ хэлье. Гаалийн байгууллагын зүгээс шөнийн цагаар орж ирж байгаа зорчигчдын биет үзлэг болон эрсдлийг тооцож, няхуура хандах болно. Бид одоо байгаа хүн хүчээрээ, ажилладаг горимоороо л ажиллана. Хамгийн гол нь шөнө явж байгаа зорчигчдод хяналт шалгалт илүү байна. Энэ нь удаана гэсэн үг биш. Улсын хилээр хориглосон, хязгаарласан зүйлийг оруулахгүй, гаргахгүй байх үүднээс шөнийн цагаар илүү сонор, чамбай ажиллана” гэлээ.
 
 
24 цагийн горимд шилжсэн өдрийн анхны зорчигч М.Мөнхбат:-“Энэ үйл ажиллагааг зөв зүйтэй ажил хэмээн бодож байна. 24 цаг ажилласнаар орж гарч байгаа хүмүүст хүндрэл бэрхшээл бага гарч, дугаар багасаж, ажлын бүтээмж хурдасна гэж бодож байгаа. Улс орон төдийгүй манай Алтанбулаг сум хүмүүсийн урсгал, замаа дагаад хөгжиж дэвжинэ гэж төсөөлж байна. Харин Орос талын үйлчилгээг анхаарах хэрэгтэй. Оросууд их хүнд талдаа. Орос юм оруулахгүй бас гаргахгүй хэцүү шүү дээ. Үүнийг цааш нь ярьж хэлж, зохицуулах арга хэмжээ авч өгөх хэрэгтэй. Хуучин 50 кг ачааг нэг хүнд зөвшөөрдөг байсан. Энэ нь одоо оросдоо зөшөөрдөг, монголд үйлчилдэггүй. Монголчуудыг буцаагаад л хөөгөөд байдаг. Одоо улам бүр нарийн болж, чангарч байна. Үүнийг төр засаг анхаарч шийдэж шийдвэрлэж өгвөл ард иргэд бидэнд хэрэг болно гэдгийг хэлмээр байна. Би хүн тээвэрлэдэг таксины жолооч. Зорчигч ойрд эрс багассан. Өмнө нь ийм байгаагүй. Оросын гааль юм гаргахгүй, оруулахгүйгээс болж зорчигчдын тоо эрс багасч байна. Одоо хөдөлгөөн, машин аль алин нь багассан. 24 цаг болж, чөлөөт бүс жинхэнэ утгаараа ажиллаад ирвэл зорчигчийн тоо өсөх магадлалтай. Одоо чөлөөт бүсэд аж ахуйн нэгж, иргэдийн бараа бүтээгдэхүүнийн худалдаа бага байна” гэлээ.