Алтан шар ажилсаг зөгийг хөшөөнд мөнхөллөө
Энэ жил манай аймгийн 7 сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Сум бүр бэлтгэл ажилаа хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Үүний нэг болох нэгэн сайхан үйл явц боллоо. Шаамар сумын унаган иргэн “Видү”ХХК-ийн захирал Ц.Болбаатар сумынхаа түүхт 90 жилийн ойд зориулж Сүхбаатар-Улаанбаатарын төв хар замын Шаамар луу салдаг хэсэг буюу Шаамар-6 дээр тус сумыг Монголд танилусан зөгий, алимыг дүрсэлсэн цогцолборыг бүтээн босгож хүлээлгэн өглөө.
 
Тус цогцолбор хөшөөг уран барималч Б.Мөнхтулга, Н.Цогмагнай нар барьжээ. Алиман дээр алтан шаргал зөгийг үүртэй нь хамт дүрсэлсэн хөшөөг нөгөө талаас нь харахад сумын газрын зураг харагдах бөгөөд хүндэтгэлийн дууг байшуулсан байна. Хөшөөг тойруулж цэцгийн мандал, амрах сандал, сүүдрэвч, хогийн цэг, 00, автомашины зогсоол зэргийг цогцоор нь шийджээ. Энэхүү цогцолборын нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Шаамар сумын удирдлага, цогцолбор хөшөөг бүтээсэн уран бүтээлчид, ард иргэд оролцлоо.
 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав:-“Нар хур тэгширсэн зуны дэлгэр энэ сайхан өдөр Шаамар сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлуудын нэгийг хүлээж авах арга хэмжээнд аймаг, сумын иргэд хөдөлмөрчид, энд гар бие орлолцсон хүмүүс, нийт иргэд оролцож байна. Энэ сайхан арга хэмжээнд аймгийн удирдлагын багийг төлөөлж оролцож байгаадаа гүн талархалтай байна. Түүхт ойдоо зориулж энэ сайхан ажлыг зохион байгуулсан байна. Шаамарчуудын нэр алдрыг Монголдоо гаргасан ажил, үйл ажиллагааны хэлбэр агуулгыг харуулсан сайхан цогцолборыг бий болгосон аймгийн бүтээн байгуулалын ажлыг сүүлийн үед голлон бүтээж байгаа “Виду” компанид талархаж байгаагаа илэрхийлье. Ардын хувьсгалыг гардан хийж, шинэ Монгол улсын ирээдүйг наашлуулах үйлсэд Сэлэнгэ аймаг партизан цэргүүдийн олонхийг бүрдүүлж байсан бол энэ олнхийн дийлэнхийг Шаамарчуудын өвөг дээдсүүд бүрдүүлсэн түүхэн гавъяатай” гэлээ.
 
 
Цогцолбор хөшөөг бүтээгч Шаамар сумын унаган иргэн Ц.Болдбаатар:-Миний бие энэ нутаг усанд төрж өсөн, хүмүүжиж ахмад үеэрээ заалгаж өдий зэрэгтэй яваа хүн. Манай Шаамарчууд бол ажилсаг, хөдөлмөрч, анхдагч ард түмэн. Монголдоо анхлан зөгийн аж ахуйг эрхлэн гаргаж, зөгийн балны утга учрыг ойлгуулсан гэж би боддог. Зөгий бол бүлээрээ ажилладаг, хамтын хүчээр хөдөлмөрлөн аюулт дайсныхаа эсрэг хамтран тэмцэж, хамтран өндөг авгалдайгаа өсгөдөг ухаалаг шавьж учир Шаамарчуудын ажил амьдралыг зөгийгөөр илэрхийлэхэд буруудахгүй. Монгол улсад Шаамарыг зөгийгүйгээр, зөгийн балгүйгээр, хүнсний ногоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч Шаамар сумын нэрийн хуудас болсон. Миний бие өөрийн гэр бүл, ах дүү, хамт олонтойгоо хамтрран төрөлх нутгийнхаа түүхт 90 жилийн ойн баярыг угтаж Шаамр-6 буюу Шааамарын салдаг дээр төрөлх сумыг минь тодотгосон, Шаамарчуудын хөдөлмөрч чанарыг илэрхийлсэн, сум орныг мниь монгол төдийгүй дэлхийд таниулсан алтан шар ажилсаг зөгийг балтай нь мөнхлөн дархалсан улсдаа анхдагч болсон энэ хөшөөг босгон бэлэг барьж байгаадаа баяртай байна. Энэ хөшөө харсан хэн ч энэ бол Шаамар сум, энэ зөгийг харсан хэн ч Шаамарчуудыг ажилсаг, хөдөлмөрч ард түмэн гэдгийг ойлгох болно” гэлээ.
 
 
Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар:-Сумынхаа ард иргэд, төр захиргааны өмнөөс тус цогцолборыг барьж байгуулсан Ц.Болдбаатар болон түүний гэр бүл, хамт олон, хөшөөг уран ухаан, нарийн мэдрэмжээр бүтээсэн уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.