СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын багш нарын бага хурал болж, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо тодорхойллоо. Багш нарын бага хуралд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа оролцож өнгөрсөн хичээлийн жилд аймгаас боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг тоймлон танилцуулж, багш нартаа ажлын амжилт хүслээ. 2017-2018 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43 цэцэрлэгт 7900 хүүхэд хүмүүжих бол 35 сургуульд 19500 орчим хүүхэд суралцана. Шинээр 1-р ангид 2140 гаруй хүүхэд орох ажээ. Аймгийн БСУГ-аас нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, ахлах ангийн багш нараа хамруулсан сургалтыг багшийн ёс зүй-харилцаа сэдвээр 08-р сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эрдмийн баярын хаалга нээгдэх 09-р сарын 01-ний өдөр ойртож, Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.