Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 20 жил болж байгаа юм. Тус байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа 2004 оноос Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн зөн нь үйл ажиллагаагаа гадаадын хандивлагчдын дэмжлэг тусламжаар санхүүжүүлдэг онцлогтой. Ингэж санхүүжигддэг Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт энэ оны 09 дүгээр сарын 30-наар дуусч байгааг Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эвард, ДЗМОУБ-ын үйл ажиллагааны захирал Дорана Жавиер, ДЗМОУБ-ын Хойд бүсийн захирал В.Цэнджав нар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нартай уулзахдаа мэдэгдлээ.
Тус хөтөлбөр нь Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар сумдад хэрэгжиж байгаа юм. Ийнхүү санхүүжилт зогссоноор дээрх сумдад үйл ажиллагаа нь 2017 оны 09 сараар дуусгавар болж байгаа бол Зүүнхараа хөгжлийн хөтөлбөр 2021 он хүртэл үргэлжлэх ажээ.
ДЗМОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Эвард:-“Дэлхийн зөн байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахаас гадна гамшгийн үеийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг явуулдаг. Бидний Сэлэнгэ аймаг дахь хөтөлбөр өндөрлөж байгаа ч орон нутагт гамшиг осол тохиолдоход хэзээд бэлэн байж туслах болно. Үлдэж буй 8 сарын хугацаанд эхлүүлсэн хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж орон нутагт өвлүүлэх ажлыг хийнэ” гэлээ.