ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ НЭГЖ БОЛОХ БАГУУД ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО.

Засаг захиргааны анхан шатны нэгж багийн удирдлага, ажлын албыг сахилга хариуцлага, ёс зүйтэй, мэдлэг чадвартай төрийн албан хаагчдаар бүрдүүлж, нэгдсэн бодлого зохицуулалтаар өрсөлдөх чадвар, эдийн засаг, нийгмийн суурь үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулан, багийн чадавхийг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар хурлаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээнд нийт 330 сум, 1613 баг байгаагаас Сэлэнгэ аймаг нь нийт 17 сум 56 багтай. Үүнээс 6 нь тосгоны бүтэц зохион байгуулалттай, 12 нь хөдөө, 20 нь төв, хөдөө хосолсон байршилтай, 24 нь сумын төвд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна.

2018 оны байдлаар Засгийн газрын болон орон нутгийн түвшинд багийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлогын баримт бичиг байхгүй. Багийн албан хаагчдын ажиллах нөхцөл тааруу, техник хэрэгслийн хангамжгүй, үйл ажиллагаа явуулах төсөвгүй, мэдлэг чадвар дутмаг, хөдөөгийн багийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг авахад хязгаарлагдмал байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлын үр дүн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа юм. Дээрх хэрэгцээ шаардлагын улмаас “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр үе шат 2018-2020 онд, хоёрдугаар үе шат 2021-2023 онуудад хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр тэргүүний жишиг тосгон, багийг тодруулан үйл ажиллагааг нь бодитой дэмжинэ, багийн иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга нарын мэдлэг, ур чадвар нэмэгдэж, орон нутагт мэргэшсэн чадварлаг боловсон хүчин иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлнэ, багийн үйл ажиллагаа явуулах байр, техник хэрэгсэл, ажиллах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээний шуурхай байдал хангагдах юм.

Мөн багуудын өрх, хүн ам, газар нутгийн хэмжээ, малын тоо зэрэг үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаагаас үүдэн цаашид зарим багийг шинэчлэн зохион байгуулах шаардлагатай байгааг хөтөлбөрт дурьдсан байна.