ОХУ-ЫН БНБУ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн хүрээнд салбар бүрд олон ажил арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа.
Тус хөтөлбөр өргөн цар хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа салбар бол боловсролын салбар. Тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, багш, сурагч солилцоо, харилцан туршлага судалж дадлагажих гээд олон ажил арга хэмжээ шат дараатайгаар хэрэгжиж байна.
Дээрх хөтөлбөрийг эдийн засагжуулах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНБУ-ын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой 2 удаагийн хэлэлцээр хийж, боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон.
Тэгвэл энэ удаа ОХУ-ын БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг орлон гүйцэтгэгч Поздняков Валерий Анатольеивич тэргүүтэй боловсролын байгууллагын төлөөлөгчид манай аймагт албан айлчлал хийж аймгийн боловсролын салбарынхантай хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Манай аймгийн зүгээс аймагтаа хүүхэд, залуучуудын орос хэл сурах идэвхийг өрнүүлж Буриад улсад сурах хүсэлтэй оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх, орос хэлний багш нарыг бэлтгэх, дадлагажуулах, туршлага судлах, багш, сурагчдын зуны сургалт, хүүхдийн зусланд хүүхдүүдээ амраах, хилийн ойр бүс нутагт сурах хүсэлтэй хүүхдүүдийн нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх чиглэлээр хамтран ажиллаж, томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.