3 ӨРХИЙГ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛГОЛОО
Хүйтний эрч нэмэгдэж, өвлийн урь орсон энэ цагт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил гэнэтийн аюул осол, бусад шалтгааны улмаас орон гэргүй болсон зарим өрхүүдийг өргөө цагаан гэртэй болгож албан ёсоор хүлээлгэн өглөө. Өнөөдөр Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн өндөр настан Б.Чойжамц, мөн багийн өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Баасанхүү, Сүхбаатар сумын 1 дүгээр багийн өрх толгойлсон 3 хүүхдийн ээж н.Азжаргал нар дээвэр туурга бүрэн хэрэглэлтэй гэрээ хүлээн авлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:-”Гэртэй болгож өгөхийг хүссэн өргөдөл маш их ирдэг. Засаг даргын нөөц, нийгмийн хариуцлагын хүрээнд гэр хүссэн хүн нэг бүрээ бүгдийг нь гэртэй болгохыг хичээн ажиллаж байна. Өнөөдрийн 3 өрхийг аймгийн ЗДТГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд гэртэй болголоо. Цаашдаа ч бид энэ ажлаа үргэлжлүүлнэ. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ цаг мөчид хүнд хэцүү байдалд байгаа 3 өрхөө орох оронтой болгож байгаадаа баяртай байна” гэлээ.
Буяны цагаан мөр түгэн дэлгэрч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.