Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд ЗД -ын дэргэдэх агентлагууд

Хайлт

Сэлэнгэ Аймгийн Цагдаагийн газар

Байгууллагууд - ЗД-ын дэргэдэх агентлагууд

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг.Байгууллагын түүх

Түүх шастирыг нягтлан үзвээс 13-р зууны эцсээр Монголын их Юань улсын Хубилай цэцэн хааны зарлиг гарч Ивэн, Бургалтай, Сэлэнгийн адгаар “Сэрэмжлэн тохинуулах цэрэг” гэдгийг суулгаж байсан нь Монгол улсын түүхэн дэх сэргийлэх хамгаалах байгууллагын анхдагч нь ч болсон байж магадгүй.

Хожим 1912 онд олноо өргөгдсөн шинэ Монгол улсын хаан Богджавзандамба хутагтын зарлигаар энэ сав нутгийг “Сангийн тариалангийн газар” болгож түүнийг хамгаалуулахаар “Арван тавны цагдаа” нарыг суулгаж байжээ.

Монгол оронд 1921 онд ялсан Ардын хувьсгалын чухал зорилтын нэг нь хөдөлмөрчин ард түмнийг боолчлон дарлах улс төрийн ноёрхлын хүчирхийлэх зэвсэг болж байсан феодалын төрийн дарангуйллын аппаратыг эвдэн устгаж, дундад зууны харгис хууль цааз, эрүү шүүлт, феодал язгууртны дур зоргоороо аашлах ажиллагааг бүрмөсөн халж, ард түмний эрх ашгийг хамгаалж, хувьсгалт хууль ёсыг сахин биелүүлэх шинэ сахилга, хэв журмыг тогтоох явдал байлаа.

Монгол ардын ардчилсан төрөөс энэ зорилтыг хэрэгжүүлэх үед тухайн нөхцөл байдалд шийдвэрлэсэн гол үйл явдал бол Монголын ард түмний үнэнч хүү их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 07-р сарын 19-ний өдрийн Засгийн газрын 4-дүгээр хурлаар Цагдаагийн байгууллагын тухай асуудал авч хэлэлцэн Цагдан сэргийлэх байгууллагаас Сэргийлэх цэрэг нэртэйгээр Цэргийн яамны бүрэлдэхүүн анх байгуулагдсан юм.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан Ивцэг, Алтанбулагт хороон-даа Дарьзаваар удирдуулсан сэргийлэх хамгаалах цэрэг суулгаж, Алтанбулагийн сайдын яамны сайд Билэгсайхан гүнд захируулж, хожим 1924 оны 08-р сард “Ардын цагдаа” нэртэй цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харъяанд ажиллуулж эхэлсэн нь өнөөдөр 85 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын албан ёсны эх үүсвэр болжээ.

1926 оны үеэс эхлэн Алтанбулаг дахь Дотоодыг хамгаалах ангийн харъяанд 1931 оноос газар тариалангийн аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэс байгуулахад түүний бүрэлдэхүүнд ажиллаж байгаад 1935 оноос Цагдан сэргийлэх анги болж өргөжсөн байна.

1935 онд байгуулагдсан энэ сэргийлэх хэсэг нь эхлээд Алтанбулагт ажиллаж байсан элчин консул, булигаарын завод, архины завод, үнэт ангийн үсний төвлөрсөн агуулах, банк, гар үйлдвэрийн холбоо, хотын хоршоо зэрэг тэр үеийн улсын нэн чухал үйлдвэр обьектуудыг хамгаалах үүргийг голлон гүйцэтгэж байжээ.

1935 оноос 1956 оныг хүртэл Ерөө, Шарын голын гүүр, Цагаан эрэгийн /одоогийн Сүхбаатар сум байгаа газар/ бараа бааз, албан агуулах, түүхий эдийн бааз зэрэг шинээр байгуулагдсан чухал обьект газруудыг Цагдан сэргийлэх ангийн гэрээт сумангаар хамгаалах, элдэв гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг гүйцэтгэж байгаад 1956 онд Сэлэнгэ аймаг татан буугдахад зөвхөн Сүхбаатар суманд цөөн орон тоотой банк хамгаалах цагдан сэргийлэх хэсэг үлджээ.

Энэ хэсэг нь Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид харъяалагдаж байсан ба 1958 оноос эхлэн Цагдан сэргийлэх тусгай тасаг болж, 1959 онд Сэлэнгэ аймаг дахин байгуулагдахад Цагдан сэргийлэх анги болон өргөжиж 1981 он хүртэл Цагдан сэргийлэх анги нэртэйгээр ажиллаж ирсэн ба 1981 оны 02 дугаар сараас МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 51 дүгээр тогтоолоор Цагдан сэргийлэх хэлтэс болон үйл ажиллагаагаа явуулан 1992 оноос Цагдаагийн газар болон өөрчлөн зохион байгуулагдсан юм.

. Тус Цагдаагийн газар нь 1992 онд Цагдаагийн газар болон орон тоо бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийгдэж, харъяандаа Цагдаагийн хэлтэс 1, хэсэг 4 /Бугант, Баянгол, Хэрх, Түнхэл/, Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасаг болон Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Замын цагдаа, Нийгмийн хэв журам хамгаалах тасаг, Захиргаа аж ахуйн, Хүний нөөцийн, мэдээлэл судалгааны, урьдчилан сэргийлэх, жижүүр, Эрүүлжүүлэх баривчлах байр, хүүхдийн зэрэг төрөл бүрийн албадтайгаар ажиллаж байна.

Тус аймагт Цагдаагийн байгууллага байгуулагдсан анхны өдрөөс эхлэн эх орон, төр засаг, ард түмнээс хүлээлгэсэн үүрэг зорилтыг биелүүлэхэд эрдэм мэдлэг, авъяас чадвар, идэвхи зүтгэл, эр зориг гарган хамт олноо удирдан зохион байгуулж байсан олон арван шилдэг удирдах ажилтан, дарга, хурандаа нар манлайлан ажиллаж байснаас дурьдвал:

Цагдан сэргийлэх анги, хэлтэс, Цагдаагийн газрын даргаар Намсрай, Жадамба, Базарсад, Чойндон, Ишцэрэн, Мангалжав, Дугаржав, Ишжамц, Агваандорж, Батсүх, Очир, Гэндэн, Мангалсүрэн, Лувсандорж, Аюуш, Цанлиг, Намхай, Намсрайжав, Баасандорж, Санжаа, Батмөнх, А.Сүхээ, Ш.Пүрэв, Я.Батсуурь, М.Батаев, М.Ганхүү, Д.Дорж, Р.Раднаадорж зэрэг шилдэг удирдах ажилтнууд ажиллаж байснаас гадна Цагдаагийн алба хаагчдаас Монгол улсын гавъяат хуульч, “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэрэг төрийн одон медиаллаар шагнагдаж, олон хүн Хууль зүйн яамны болон Цагдаагийн ерөнхий газар, байгууллагын хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аваргаар шалгаран шагнагдаж байжээ.

Сэлэнгэ аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргаар 2009 оны 10-р сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл цагдаагийн хурандаа Б.Батсайхан ажиллаж байна.

Манай алба хаагчдын нийт бие бүрэлдэхүүний 59,4% нь дээд, 6% нь тусгай дунд, 34,6% нь бүрэн дунд боловсролтой бөгөөд бүрэлдэхүүний 34,2% нь 1-5 жил, 27,4% нь 6-10 жил, 33,5 % нь 11-20 жил, 4,8% нь 21-ээс дээш жил ажилласан алба хаагчдаас бүрдсэн ба цаашид Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаж, тэдний эрх, эрх чөлөөг хамгаалах, албандаа чинь шударгаар зүтгэж, хууль ёсыг дээдлэн хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа техник технологийн дэвшлийг ашиглан гэмт хэрэгтэй тэмцэх, цагдаагийн алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлтийг хийж эхлээд байна.

Цагдаагийн байгууллага, Цагдаагийн газрын бүтэц,

зохион байгуулалт

 

Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн баталгаа нь аймгийн хэмжээнд урьд жилүүдэд үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан бусдын амь насыг хохироосон 2 хэргийг нөхөн илрүүлсэн ба 2009-2011 оны хооронд үйлдэгдсэн онц хүнд, хүнд гэмт хэргүүдийг 100 хувь илрүүлж, ард иргэдийн сэтгэлийг түгшээсэн, улс орны хэмжээнд дуулиан, шуугиан тарьсан бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан хэрэг, насанд хүрээгүй болон өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал хэргүүдийг манай алба хаагчид, шудрага иргэдийн мэдээллээр шуурхай, бүрэн гүйцэд илрүүлэн гэмт этгээдийг барьж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалж ажилласны баталгаа бөгөөд ХЗЯ, ЦЕГ, УМБГ, ЭЦГ-аас 9 алба хаагчийг Цагдаагийн байгууллагын дээд шагнал болох “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, 2 алба хаагчийг ЦЕГ-ын хүндэт жуух бичиг, 2 алба хаагчийг баярын бичиг, өргөмжлөлөөр, 3 алба хаагчийг аймгийн “Засаг даргын жуух” бичгээр тус тус шагнаснаас гадна онц ноцтой гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдол бүхий үнэтэй мэдээлэл авсан нэг алба хаагчийг офцер бүрэлдэхүүнд оруулж, цолыг сэргээн шагнаж урамшуулсан байна.

Эрүүгийн нөхцөл байдал

2010 онд аймгийн хэмжээнд нийт 797 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хэргээр буюу 2.1 хувиар буурсан байна.

Улсын хэмжээний 22 аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн дүнтэй харьцуулж үзэхэд нийт 8989 бүртгэгдсэн статистик үзүүлэлтийн 797 гэмт хэрэг буюу 8.9 хувь байгаа нь хамгийн олон гэмт хэрэг манай аймагт бүртгэгдсэн байна. Энэ нь бусад аймгийн үзүүлэлтээс дээгүүр байгаа нь тус аймаг эрүүгийн нөхцөл байдлын хувьд хүнд, ажлын ачаалал ихтэй гэж дүгнэгдэхээр байгаа боловч гэмт хэрэгтэй тэмцэх өмнөө тавьсан зорилтыг манай алба хаагчид бүрэн биелүүлж байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн илрүүлэлтийг 60 хувьд хүргэх гэсэн зорилтыг хангаж, гэмт хэргийн ирлүүлэлт 67.5 хувьтай байгаа нь Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтоос 7.5 хувиар дээгүүр үзүүлэлтэй байгаа ба сүүлийн жилүүдэд зорилтыг тогтмол хангаж ажиллаж байна.

Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 120 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хэргээр буюу 21.5 хувиар, нийт 833 эрүүгийн хэрэгт 717 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 128 хүнээр буюу 15.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа боловч согтуугаар 314 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхээс 52 буюу 19.8 хувиар өссөн нь архидан согтуурах явдалтай бүх нийтээр тэмцэх, архины хор хөнөөлийг иргэдэд мэдээлэх, архигүй орчинг бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаад дүгнэлт хийж, энэ чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Цагдаагийн газрын гол албаны нэг гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэг бүхий мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн тасаг нь улсад 3-10 жил дараалан түрүүлсэн ажлын амжилттай ажиллаж байгаа нь манай хамт олны хүчин зүтгэлийн үнэлэлт билээ.

Тус Цагдаагийн газрын харъяанд хамаарагдах Мандал сум дахь сум дундын Цагдаагийн Хэлтсийн харъяа Мандал, Баянгол сумдад жилд гарч буй эрүүгийн хэрэг нь зарим аймгийн Цагдаагийн газар, хэлтэстэй харьцуулан үзэхэд Говь-алтай, Говьсүмбэр, Булган, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд аймгуудаас хэргийн тоогоор .... буюу ... дахин их, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг аймгууд дүйцхүүц хэмжээний гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь эрүүгийн нөхцөл байдал хүнд гэж дүгнэгдэхээр байна.

Иймд аймгийн эрүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, Цагдаагийн газрын орон тоо бүтцэд өөрчлөлт, шинэчлэлт хийхээр ЦЕГ болон ХЗЯ-нд шат дараалан хандаж, Монгол улсын хойд хил, чөлөөт бүс болгон хөгжүүлж буй тус аймгийн Алтанбулаг суманд Цагдаагийн тасаг байгуулах, мөн баруун аймгийн гол зам дагуу байрлах хүн ам ихээр төвлөрч хотжилт явагдаж байгаа тус аймгийн баруун таван суманд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцан ажиллаж буй Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийг Цагдаагийн хэлтэс болгон хүн хүчийг нэмэгдүүлэхээр холбогдох судалгааг хийж, саналыг гаргаад байна.

Гэмт хэргийн харьцуулалтын талаар график, үзүүлэлт

Сүүлийн 3 жилд гарсан гэмт хэргийн судалгаа

Улсын хэмжээний 22 аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн дүнтэй харьцуулж үзэхэд нийт 8989 бүртгэгдсэн гэмт хэргийн статистик үзүүлэлтийн 797 гэмт хэрэг буюу 8,9 хувиар дээгүүр хамгийн олон гэмт хэрэг бүртгэсэн нь Сэлэнгэ аймаг байна.

Улсад эрүүгийн нөхцөл байдал хүнд З аймагтай харицуулсан нь

Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 362 буюу 45.4 хувийг хөнгөн, 335 буюу 42,0 хувийг хүндэвтэр 90 буюу 11.3 хувийг хүнд, 10 буюу 1,2 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байгаа ба хөнгөн ангиллын гэмт хэрэг 4 буюу 1,1 хувь, хүндэвтэр ангиллын гэмт хэрэг 34 буюу 9,2 хувь, онц хүнд ангиллын гэмт хэрэг 5 буюу 33,3 хувиар буурч, хүнд ангиллын гэмт хэрэг 26 буюу 40,6 хувиар өссөн дүнтэй байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 837.3 сая төгрөгийн хохирол учирснаас 594.4 сая төгрөгний хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 71 хувьтай байна.

Ажлын ахиц, амжилт

1. Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн 70.6 хувийг 5 хоногт шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.1 хувиар өссөн байна.

2. Бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан гэмт хэргийн илрүүлэлт 67.5 хувьд хүрч, хэргийн илрүүлэлт өмнөх оныхоос 4.1 хувиар өсч, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэв.

3. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын 70 хувийг нөхөн төлүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.1 хувиар өссөн байна.

4. Гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 120 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хэргээр буюу 21.5 хувиар буурсан байна.

5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт этгээд нь оргосноос түдгэлзүүлсэн хэргүүдийн эзэн холбогдогчийг олох ажлыг эрчимтэй зохион байгуулж, гэмт этгээд нь оргосноос түдгэлзүүлсэн хэрэггүй шинэ оныг угтлаа.

6. Мөн үйлдэл дээр нь таслан зогсоосон гэмт хэрэг 25.3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа нь манай алба хаагчдын ажлын нааштэй эхлэл, амжилтын үндэс гэж үзэхээр байна.

2010 онд ЦЕГ-ын даргын нэрэмжит иж бүрэн шалгалтаар тус Цагдаагийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт хийж, “Хангалтай” буюу “Сайн” гэсэн үнэлгээ өглөө.

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 90 жил, аймаг байгууллагдсаны 80 жил зэрэг тэмдэглэлт ойн баярыг угтаж хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хамт олноороо хэлэлцэн боловсруулж, ойгоо угтсан бүтээн байгуулалтын их ажлыг эхлээд байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр Цагдаагийн хөдөлгөөнд эргүүл, шугам замын хамгаалалтанд зориулан цагдаагийн зориулалтын тоноглолтой 2 авто машиныг шинээр авч, ЦГ-ын даргад аймгийн хөрөнгө оруулалтаар “Ланд-круейзер 100” маркийн машин, албаны хэрэгцээнд З өрөө байр зэргээр хангагдаж, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах аятай таатай нөхцөл боломжийг хангах зорилгоор 2005 оноос 2010 оны хооронд Сэлэнгэ аймгийн 13 суманд 14 кабон барьж, Цагдаагийн газрын 14 сая төгрөгний урсгал засварыг хийж дулааны шугамыг сольж, төрийн болон төрийн бус байгууллагын хандив туслалцаагаар төв байрны цонхыг вакум болгон чулуун тавцанг хийлгэж шинэчлэв. Түүнчлэн Цагдаагийн газрын төв байранд хийгдэх их засварын ажилд 158 сая төгрөгний, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн өргөтгөлийн ажлын төсөвт өртөг, зургийг гарган аймгийн засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам болон холбогдох бусад газарт хандаж, хөрөнгийн асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлүүлээд байгаа ба цаашид хийж гүйцэтгэх ажлыг дотоод нөөц бололцоог ашиглан гүйцэтгэхээр төлөвлөгдөөд байна.

Цаашид манай хамт олон гэмт хэргийн гаралтыг багасгах, гарсан гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг аль болох богино хугацаанд, хуулийн дагуу бүрэн шийдвэрлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажил зохион хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэг.Тасгийн товч танилцуулга

1924 онд Засгийн газрын шийдвэрээр хөдөө, орон нутгаас анх Хиагт, Улиастай хотуудад Сэргийлэн хамгаалах ангийг байгуулсан нь тус Цагдаагийн газар болоод тус Нийгмийн хэв журам хамгаалах албаны үүсэл хөгжил эхэлсэн гэж үздэг.

Өөрөөр хэлбэл тус сэргийлэн хамгаалах алба нь анх 1924 оны 08 дугаар сард “Ардын цагдаа” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харьяанд ажиллуулж эхэлсэн нь өдгөө нийгмийн хэв журам хамгаалах тасгийн үүсэл болжээ.

Нийгмийн хэв журам хамгаалах алба нь Цагдаагийн байгууллагын нэр хүндийг ард иргэдэд харуулж, тэдэнтэй өдөр тутам тулж ажилладаг алба бөгөөд МУ-ын Цагдаагийн байгууллагын тухай хуулинд заасан Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийн 70 шахам хувийг гүйцэтгэдэг билээ.

Одоо тус тасгийн бүрэлдэхүүн Цагдаагийн газрын нийт албан хаагчдын 60 гаруй хувийг эзэлдэг бөгөөд аймгийн төв болон Мандал суманд нийгмийн хэв журам хамгаалах тасаг тус бүр 1, Сайхан суманд нийгмийн хэв журам хамгаалах алба 1, нийтдээ 3 нэгжтэй ажиллаж байна.

Бүрэлдэхүүний дундаас төрийн дээд шагнал “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор 2, байлдааны болон алтан гадас одонгоор 5, ойн медиалаар олон арван цагдаагийн алба хаагчид шагнагджээ.Мөн хүндэт чекист 1, хууль зүйн тэргүүний ажилтан 1, онц сэргийлэгч, “Цагдаагийн алдар тэмдгээр 21, онц хилчин, онц гал сөнөөгч, ОХУ-ын онц сэргийлэгч, онц хилчин тэмдгээр олон арван алба хаагч шагнагджээ.

Тус тасаг нь сүүлийн жилүүдэд буюу 1995, 1996, 1997, 2000, 2001 онуудад улсын хэмжээнд тэргүүний байр, 1998 онд 4-р байр, 1999 онд 2-р байр, 2002-2004 онд 4-р байр, 2005, 2007 онд 3-р байр, 2006, 2008, 2010 онд 2-р байрыг тус тус эзэлсэн сайхан амжилт үзүүлж, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ биелүүлж ирлээ.

1992 онд Хэв журмын тасаг болж өргөжиж анхны тасгийн даргаар цагдаагийн хошууч Түмэнгийн Лхагваа ажиллаж байсан ба 2009 оноос Нийгмийн хэв журам хамгаалах тасаг хэмээн нэрлэгдэх болж тасгийн даргаар цагдаагийн хошууч Б.Батнасан ажиллаж байна.

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ

2002 онд Монгол Улсын Их хурлаар Эрүүгийн хууль, ЭБШХ, шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолоор ЦЕГ-ын бүтцэд Хэрэг бүртгэх албыг бий болгосноор ЦЕГ-ын даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 297 тоот тушаалаар орон нутгийн цагдаагийн газар хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, ЦЕГ-ын даргын 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 417 тоот тушаалаар Хэрэг бүртгэх тасгийг зохион байгуулсан.

Тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа П.Жамсран, ахлах хэрэг бүртгэгчээр цагдаагийн хошууч Б.Цэндсүрэн, хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад С. Галхүү,цагдаагийн ахмад Ж.Эрдэнэчимэг, цагдаагийн ахлах дэслэгч И.Эрдэнэбилэг, цагдаагийн ахмад С.Оюунсүх, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цолмон, цагдаагийн ахмад П.Өлзийбаатар, цагдаагийн ахмад Т.Цэрэнбат,цагдаагийн ахмад Ч.Буянт, цагдаагийн ахлах дэслэгч М.Ууганбаяр, цагдаагийн ахлах дэслэгч С.Батжаргал, цагдаагийн дэслэгч П.Нямхүү,цагдаагийн дэслэгч Д.Баатарзориг, цагдаагийн ахлах дэслэгч Д.Эрдэнэцэцэг , цагдаагийн дэд ахлагч Д.Мөнхбат нар томилогдон иргэдээс гаргасан гомдол мэдээлэл, хөнгөн, хүндэвтэр хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэж байжээ.

2007 онд хүндэвтэр хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлсэнээс хойш захиргааны зөрчил , иргэдээс гаргасан гомдол мэдээллийг шалгаж, хөнгөн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Тус тасгаас цагдаагийн дэд хурандаа П.Жамсран “Цэргийн гавъяаны одон” цагдаагийн ахмад И.Эрдэнэбилэг “Цагдаагийн алдар” ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч П.Өлзийсайхан “Цагдаагийн гавъяа”-аар шагнагдаж цагдаагийн хошууч Л.Ганзориг, цагдаагийн ахмад И.Эрдэнэбилэг, цагдаагийн ахлах дэслэгч С.Батжаргал нар Цагдаагийн газрын “Аврага ажилтан”-аар , цагдаагийн хошууч Б.Цэндсүрэн, цагдаагийн ахмад Ч.Буянт нар 2005,2007 онууудад “Аймгийн тэргүүний хуульчаар” тус тус шалгарч байжээ.

Мандал сумын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасагт тасгийн даргаар цагдаагийн ахмад Д.Энхболд, ахлах хэрэг бүртгэгчээр цагдаагийн ахмад Жамбацэрэн, хэрэг бүртгэгчээр цагдаагийн дэслэгч Б.Өлзийхүү ,цагдаагийн ахмад Ц.Орхонтулга, нар ажиллаж байсан ба одоо Хэрэг бүртгэх тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаяр ажиллаж байна.

Тус тасагт цагдаагийн хошууч У.Жамбацэрэн, ахлах дэслэгч Х.Зоригтбаатар, цагдаагийн дэслэгч Ц.Батзориг ажиллаж байжээ.

Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт ахлах хэрэг бүртгэгчээр цагдаагийн ахмад Ч.Мягмаржав ,цагдаагийн хошууч Л.Ганзориг, хэрэг бүртгэгчээр цагдаагийн ахмад Д.Галбадрах ажиллаж байжээ.

2010 оноос цагдаагийн дэд хурандаа Я.Мөнхдэлгэр тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаа ба одоо хэрэг бүртгэх эрх бүхий 53 алба хаагч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна .

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН МӨРДӨН

БАЙЦААХ ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сэлэнгэ аймагт Цагдаагийн байгууллага байгууллагдсан цагаас эдүүгээгийн Мөрдөн байцаах албаны эх үндэс нь бүрдсэн гэж үздэг.

1946 онд мөрдөн байцаагчийн орон тоо бий болж ажиллаж эхэлсэн ба цаашид улам өргөжин аймгийн төвд 1989 оны 12 дугаар сард Мөрдөн байцаах тасаг, 1993 онд Мандал дахь сум дундын цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах тасаг тус тус байгууллагдсан.

Уг албыг ахмад Ц.Намхай, хошууч Дамдин, дэд хурандаа Довдон, Очирхуяг, хошууч З.Алтанцэцэг, Ц.Ариунбат нар удирдан ажиллаж байсан бөгөөд өнөөгийн байдлаар 22 орон тоотой болж аймгийн төвд 2009 оны 09 дүгээр сараас хошууч Ц.Энхбаяр тус тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Энэ хамт олноос “Цэргийн гавъяаны одон” 1, “Байлдааны гавъяаны одон” 2, “Цэргийн алдар медальтан” 3, “Хүндэт чекист” 1, “Цагдаагийн алдартан “3 төрснөөс гадна 2001 онд мөрдөн байцаагч, дэслэгч Ц.Гансүх Улсын мөрдөн байцаах газрын “Хамгийн шуурхай мөрдөн байцаагч”-аар, 2002 онд ахмад Ч.Буянд “Аймгийн тэргүүний хуульч”-аар, 2003 онд дэслэгч Б.Батхуяг “Цагдаагийн газрын хөдөлмөрийн аварга ажилтан”-аар 2004 онд дэслэгч Д.Баатарзориг “Супер офицер” тэмцээнээс хүрэл медаль, 2005 онд ахмад Б.Бат-Очир “Цагдаагийн гавъяа”, 2009 онд хошууч Ц.Ариунбат, Б.Батзаяа нар “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр тус тус шагнагдаж, тасаг хамт олноор шалгарсан юм.

Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Цагдаагийн газрын өмнө тавигдсан зориултуудыг биелүүлэхэд тус тасгийн хамт олон бусад албадтайгаа мөр зэрэгцэн ажиллаж өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж байна

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН

ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид 1930 оноос Цагаан эргийн дамжлага баазын тээврийн хөдөлгөөн болон хил хязгаарын тээврийг зохицуулахын тулд “Уурын тэрэг”-ний байцаагчаа н.Гомбо анх томилогдож ажилласнаар манай албаны үндэс суурь бий болжээ.

Ингээд 1934 оноос ахлах дэслэгч н.Дашдэмбэрэл, хошууч н.Сүхээ, дэд хурандаа н.Соном нарын хүмүүс 1962 он хүртэл автын байцаагчаар ажиллаж байсан.

1962 огоос автын байцаагч, ахлах байцаагчаар хошууч г.Шагдар нь 21 жил тасралтгүй ажилласан юм.

Энэ хугацаанд Зүүнхараа, Баруунхараа, Ерөө, Цагаантолгой, Шаамар чиглэлийг хариуцсан автын байцаагчаар ахмад н.Чойжил, ахмад н.Адьшаа, хошууч н.Төртогтох, ахмад н.Санжаасүрэн, ахмад н.Цэвээннамжил ахмад н.Баньд нарын хүмүүс ажиллаж байсан.

Сэлэнгэ аймаг дахь НАХГ-ын Цагдан сэргийлэх хэлтсийг Цагдаагийн газар болгон өргөтгөж, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбогдуулж замын цагдаагийн албыг 1992 онд замын цагдаагийн хэсэг, 1994 онд Замын цагдаагийн тасаг болгон өргөжүүлсэн.

Хошууч Шагдар нь 1962 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл автын ахлах байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

Хошууч Төртогтох нь 1983 оны 6 дугаар сараас 1987 оныг дуустал автын ахлах байцаагч, 1987 оноос Шаамар суманд 2 жил ажиллаад тэтгэвэрт гарчээ.

Хошууч Алтанзул нь 1984 оноос 1999 оны 11 сар хүртэл автын байцаагч /замын байцаагч/аар ажиллаж байгаад 1999 оны 11-р сараас 2002 оны 04 дүгээр сар хүртэл замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагчаар 1993 оноос 2002 оныг хүртэл цагдаагийн хошууч Б.Баярсайхан, 2002 оны 06-р сараас мөн оны 09-р сар хүртэл цагдаагийн хошууч Г.Дашдондов, 2003 оны 06-р сараас цагдаагийн хошууч Д.Золбадрах ажиллаж байна.

Замын цагдаагийн газрын аварга ажилтнаар цагдаагийн дэд хурандаа Л.ганбаатар, замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Ган-Очир, замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат, Цагдаагийн газрын аварга ажилтнаар цагдаагийн дэд хурандаа Л.ганбаатар, цагдаагийн ахмад Б.Ганхуяг, цагдаагийн ахмад Ж.Ган-Очир, цагдаагийн ахлах дэслэгч Т.мөнхбат, ахлах дэслэгч Л.Мөнгөнхундага, ахлах дэслэгч Т.Сэргэлэн, хошууч Б.Сүхбаатар, ахлах ахлагч Ж.Зоригт нар тус тус шалгарч байсан.

Замын цагдаагийн тасаг нь: Замын цагдаагийн газрын мэргэжлийн аварга, ажилтнуудын ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож “Уран зохицуулагч” тэмцээний 3 удаагийн аварга болсон ба байнга эхний 5-р байрт шалгарч ажилтыг үзүүлж ирлээ.

2000, 2003, 2004 оны “Уран зохицуулагч” тэмцээний цом 2006 онд Шилдэг зохицуулагч тэмцээнд оролцож 2-р байр өргөмжлөлөөр шагнагдсан. 2007 оны Шилдэг зохицуулагч тэргүүн байр эзэлсэн.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН

ГАЗРЫН САНХҮҮ,АЖ АХУЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын санхүү, аж ахуйн албаны бүхий л түүх Цагдаагийн газрын үүсч хөгжсөн түүхэн замналтай салшгүй холбоотой юм.

Анх Сэлэнгийн цагдан сэргийлэх анги нь нэг давхар, гар галлагаатай дүнзэн байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр үед санхүүгийн нябо 1, аж ахуйн ажлын жолооч 1, сэргийлэхийн шуурхай албаны жолооч 2, эд аж ахуйн нярав 1, цэвэрлэгээний үйлчлэгч 1 гэсэн орон тоотойгоор ажил үйлчилгээ явуулж байжээ.

Санхүү,аж ахуйн албыг хошууч Н.Рагчаа /1970-1987/ ахмад Л.Сумжав /1989 -1991 /, цагдаагийн хошууч М.Чимэдбаатар / цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн аварга 1991-2004 / нарын чадварлаг дарга нар удирдан аж ахуй санхүүгийн үйл ажиллагаа явуулж өнөөгийн хамт олонд хүлээлгэн өгсөн ба 2005 оноос цагдаагийн ахлах дэслэгч Д.Цолмон аж ахуйн офицероор ажиллаж байна.

Одоогийн цагдаагийн газрын байрлаж буй цагдаагийн төв конторын зориулалт бүхий иж бүрэн барилга 1984 онд баригдаж ашиглалтанд орсон ба төсөв хөрөнгө, орон тоо нь жил бүр өсөн нэмэгдсээр 1980 онд цагдаагийн хэлтэс, 1992 онд цагдаагийн газар болон өргөжиж санхүү, аж ахуйн албаны орон тоо ,бүтэц зохион байгуулалт сайжирч байна.


Мөн албаны сургалт явуулах алба хаагч нарын бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор “Спорт танхим“ барьж ашиглалтанд оруулж шаардлагатай техник хэрэгслээр хангав.

Алба хаагч нарынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн ядаргаа стерессийг тайлах зориулалтаар “Алжаал тайлах кабинет” шинээр байгуулан тохижуулж ашиглалтанд орууллаа.

Монголын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой угтаж цагдаагийн газрын конторын барилгын их засварын ажлыг гүйцэтгэж алба хаагч нарын ажлын байрны нөхцлийг сайжруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Тус аймгийн 14 сум,багт цагдаагийн “кобаны байр” улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд ороод байгаа ба цаашдаа бүх суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар кобаны байр бариулахаар төлөвлөж байгаа нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч ,цагдаа нарын орон сууцны асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Цаашдаа цагдаагийн байгууллагын дотоод сүлжээнд сумдын хэсгийн төлөөлөгч нарыг холбож, хяналтын камерын системийг нэвтрүүлэх ,өндөр хурдны интернетийн орчинг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчын ажлын хэрэгцээнд шаардлага хангасан орчин үеийн зэвсэг, техник хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмж, компьютер зэргийг худалдан авч цагдаагийн байгууллагын шуурхай ажлын бэлэн байдлыг хангах,үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар анхаарч байна.

“Ахмад настан,түүнд үзүүлэх хөнгөлөлт,үйлчилгээний тухай хууль”,

”Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”,"Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээний тухай ЦЕГ-ын даргын 2004 оны 400 дугаар тушаал”-ыг үндэслэн цагдаагийн газарт ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадуудаа Сар шинийн баяр, цагдаа дотоодын цэргийн баяр, олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус тус хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санал сэтгэгдэлийг нь сонсож тусламж дэмжлэг үзүүлж байна

2010 оноос эхлэн цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагч нартаа Цагдаагийн ерөнхий газрын даргын дурсамж, цагдаагийн газраас “Монгол цагдаагийн баримал”-ыг дурсамжийн хамт гардуулан өгч, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэн ажлын арвин баялаг туршлагаас нь шинэ залуу алба хаагч нарт сурталчилдаг сайхан уламжлал тогтоод байна.

 

 


Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 12 зочид онлайн
  • Гишүүд : 7
  • Мэдээлэл : 785
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 340688
Travel Turne Tranzito