Таны байрлал : Нүүр хуудас Аймгийн тухай Танилцуулга
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Танилцуулга

Танилцуулга

Аймгийн тухай - Танилцуулга

2015 оны 1-р сарын 05, Даваа гариг, 10:16

Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино.
Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна.
Сэлэнгэ аймгийн нутагт төмрийн үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн үйлдвэрлэл, газар тариаланг эрт дээр үеэс эрхэлж байсан ул мөр бий. Сэлэнгэ аймаг нь эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаад баатруудын унаган нутаг юмаа.
1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт энэ сайхан нутагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, ардын журамт цэргийн байрлаж бүтэц зохион байгуулалтаа шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олон бий.
1931 онд "Газар тариалангийн аймаг" нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд ард түмний Хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэжээ.
Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны "Орхон" сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост "Орхон", "Хангай", "Ерөө" үүлдрийн хонь, махны "Сэлэнгэ" үүлдрийн үхэр зэрэг нь энэ нутгийнхны бахархал болно.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Сүхбаатар хот төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт гүний боржин тархжээ. Аймгийн нутагт Улаантолгой, Шарын голын нүүрс, Төмөртэй, Төмөртолгойн төмөр, Их алтат, Бугант, Толгойтын алт болон барилгын хэрэглэгдэхүүн элбэгтэй.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг Монгол орны томоохон гол мөрнүүд урсдаг. Ерөөгийн, Товхонханы, Хондын, Могойн зэрэг рашаануудтай ба нутгийн ихэнхи хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрний хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.
Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна.
Сэлэнгэ мөрний хөвөө, нутаг газраар нүүдэллэн оршиж байсан эртний сурвалжит Монгол туургатан, овог аймгуудын буурал түүхээс улбаатай Сэлэнгэ аймгийн үүсэл хөгжил, өнөөгийн дүр төрх, ирээдүйн чиг хандлагын анхдагч товч мэдээллийг, сонороо мялаагч эрхэм танд хүргэхэд энэхүү танилцуулгын зорилго оршвой.
МОНГОЛ ОРНЫ ЗҮҮН УМАРД ХЯЗГААР ДАХЬ
БАРУУНААС ЗҮҮНТЭЭ АРЦАТЫН ДАВААНААС МИНЖ ЗАХАРЫН
ГОЛЫН УУЛЗВАР, УМАРДААС ДОРНОО ГУНЗАН УУЛНААС
ЭРЭЭН ХАВИРГАН УУЛ ХҮРТЭЛХ ӨРГӨН УУДАМ
СЭЛЭНГЭ НУТАГ МИНУ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан. Аймгийн бэлэг тэмдэг нь мөнх ногоон навчин дээр бүхнийг уриалан дуудагч эгшиглэнт дунг цэнхэр хадгаар ороон залсан, тэгш өнцөгт суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлж, дээд хэсэгт нь гурван цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байгуулсан дугираг хэлбэртэй, төв хэсэг нь Сэлэнгэ түмний шүтээн болсон таван Хан-Уул, тариан талбай, Сэлэнгэ их мөрнийг уран сайхны аргаар өнгө хослуулан дүрсэлсэн байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан. Аймгийн туг мөнх тэнгэр, мөрөн голын усыг бэлэгдсэн хөх цэнхэр өнгөтэй. Тугны гурав хуваасны нэгийн ишин талын хэсэгт Сэлэнгэ нутгийнхны амьдралын эх, бахархал болсон тариан түрүүг босоо байдалтайгаар, тугны гурав хуваасны нэгийн доод хэсэгт мөрөн голоо төлөөлсөн 2 цагаан долгионыг хөндлөнгөөр нь тус тус байрлуулсан. Эртний гурван мэргэдийн нутаг,  ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг бэлэгдсэн гурван ширхэг улаан өнгийн залаа тугны төгсгөл хэсэгт залгасан байна. Тугны ишний төгсгөл нь шар өнгийн 3 молцог бүхий 3 салаа сэрээ байна. Тугны өргөн урт нь 1:2 –ын харьцаатай байна.

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 76 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464604
Travel Turne Tranzito