Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Орхон сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Орхон сум

Сумын танилцуулга

Сум - Орхон сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:09

 
 

Орхон сумын танилцуулга

Сум - Орхон сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 21:01

ОРХОН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын бэлгэдэл

Сумын бэлгэдэл нь Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан.

Сумын бэлгэдэл нь дугираг хэлбэртэй байх бөгөөд суурь хэсэгт сумын бренд болох Орхон хонийг байрлуулж, түүний 2 хажууг алтан шаргал тариан түрүүгээр хагас хөвөөлсөн, төв хэсэгт ард иргэдийн шүтээн болсон Нарт хайрхан, Орхон гол, гүүрийг өнгө хослуулан дүрсэлсэн бөгөөд дээд хэсэгт Сэлэнгэ аймаг Орхон сум гэсэн бичээстэй байна.

Сумын туг

Сумын туг нь Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан.

Сумын туг нь мөнх тэнгэр, Орхон голын усыг бэлгэдсэн хөх цэнхэр өнгөтэй байна. Тугны гурав хуваасны нэгийн иш талын хэсэгт ургац арвин авахыг бэлгэдсэн алтан шаргал тариан түрүүг атгасан гар, тугны доод хэсэгт Орхон голоо төлөөлсөн 2 цагаан долгионыг хөндлөнгөөр нь тус тус байрлуулсан байна.

 

 

Газар зүйн байршил

Орхон сум нь нийслэл Улаанбаатараас 220 км, Сэлэнгэ аймгаас 180 км, Дархан хотоос 70 км, Дархан –Эрдэнэтийн засмал зам дамжин өнгөрдөг. Мобиком, Юнител зэрэг үүрэн телефон холбооны сүлжээнд холбогдсон.

Газар нутгийн хувьд 130,6 га нутаг дэвсгэртэй үүнээс газар тариалангийн талбай 25,9 мянган га, 9,3 га хадлан, 87,9 га нь бэлчээр, 3,8 га нь ой мод, бусад нөөц газартай. Далайн төвшингөөс 750-800 метр өндөр өргөгдсөн температурын туйл нь +38-48 хэм, Орхон, Шийр, Нилчин, Хавцал зэрэг гол горхитой.

 

Орхон сумын түүхэн хөгжил

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр дээр  анх 1943 онд Төв аймгийн Жаргалантын САА-н Үнэгтийн контор нэртэй мал аж ахуйн ферм тулгуурлан Орхон дахь хонь үржүүлгийн аж ахуй гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

1959 оны 12-р сарын 31-ний өдөр гаргасан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 222-р зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулагдахад Төв аймгийн Орхоны САА нь Сэлэнгэ аймагт шилжин ирж Орхон сум САА хэмээн нэрлэгдэж засаг захиргааны анхан шатны нэгж үүсэн байгуулагдсан түүхтэй.

Анх хонь эрхлэх аж ахуй байгуулагдахад 10,0 мянга орчим хонь, 1000 гаруй адуу, 300 гаран үхэртэй У-2 трактор 2, ЗИС-5 машин 1, морин тэрэг 60 орчим, 300 шахам хүн амтай, 100 га газар тариа тарьж эхэлж байжээ. Сум сангийн аж ахуйг тохижуулах аж ахуйг тохижуулах аж ахуйг бэхжүүлэх гол ажил 1958-1964 оны хооронд хийгдэж орчин үеийн суурин шинэ өнгө төрхөө засан бий болсон юм.

Социализм мандан бадарч байсан 1980-аад оны  үед 500 гаран өрх 2500 хүн амтай, 32687 толгой малтай, тэр үеийн ханшаар 30,3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй жилдээ 12,0 сая орчим төгрөгийн борлуулалт хийдэг томоохон сум сангийн аж ахуй болон өргөжсөн байна.

Орхон сум нь 660 өрх, 2249 хүн амтай, 83572 толгой малтай.Орхон, Бэлэндалай гэсэн 2 багтайгаар төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зах зээлд шилжих үед Орхон сумын САА задарч өмчийн хэвшилд аж ахуйн нэгжүүд үүсэн хөгжиж байна.

Ингэснээр Орхон сангийн аж ахуй гэдэг нэр түүхийн хуудснаа үлдэж тус САА-гаас салбарлан гарсан төсөвт байгууллага Засаг даргын Тамгын газар, 12 жилийн дунд сургууль, цэцэрлэг, соёлын төв, хүн эмнэлэг, ус цаг уурын байгууллага, ХААН банк, шуудан холбоо, эрчим хүч дахин дамжуулах станц, газар тариалангийн чиглэлээр Орхондалай ХК, Мангирт трейд ХХК, Баюудай трейд ХХК, Мөнх-Орхон ХХК зэрэг 35 гаруй аж ахуйн нэгж эдийн засгийн үйлдвэрлэл үйлчилгээг залгамжлан явуулж, мал бүхий 299 өрх, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 216 өрх, худалдаа үйлчилгээний чиглэлээр 13 өрх, такси үйлчилгээ 6 өрх, загас борлуулах чиглэлээр 9 өрх, нийт өрхийн 77,5% нь өрхийн аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна.

Манай сум нь эртний түүхт нутаг юм. Маш эртний сүг бичигт хүн чулуун хөшөө, асар том хадан дээр сийлсэн Люваанжалба бурханы дүр, эртний /Гуулин/ улсын одоогийн Солонгос улсын гаралтай цаасны үйлдвэрийн туурь гэх мэтийн эртний түүх дурсгалын зүйлс зэрэг түүхийн улбаагаар баялаг нутаг юм.

Бидний бахархал

Монгол Улсад нарийвтар ноост хонины үржлийн бааз бий болгох ажил 1930 аад оны үеэс эхэлсэн бөгөөд Зөвлөлд Монголын эрдэмтэд хамтран ажиллаж эхэлжээ.

1961 онд манай орны өндөр ашиг шимт анхны нарийвтар ноост үүлдрийн хонь бий болгох ажлыг Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлагаар зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын 16 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд манай орны түүхэнд анх удаа нарийвтар ноост эх орны ууган үүлдэр Мах-ноосны чиглэлийн хонь бий болж 1961 оны 2-р сард”Орхон” нэртэйгээр батлагджээ. Орхон сум бол монгол улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдрийн хонь бий болсон нутаг юм.

Орхон үүлдрийн хонь үүлдэр болон батлагдах үедээ /1961-1-1/-ний байдлаар бүгд 21921 толгой байсан бөгөөд үүнээс тохиромжтой хэвшлийн элит 1-р ангийн хонь 2032, ноосны чанар нь гол төлөв 58-60-р чанартай урт нь дунджаар 8-9 см, сүргийн дунджаар 2.7 кг ноос өгдөг.

Төлөрхөг чанар нь 100 эхээс 110-115 хурга авдаг. Амьдын жин нядлалтын гарцаар монгол хониноос давуутай байсан. Нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин 55.0 кг, ноосны гарц нь 3.4 кг байсан.

Орхон хонь нь манай орны ойт хээрийн бүсэд бий болсон эрлийз хонь ашиг шим үүлдрийн чанараар бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан тул 1961 оны 3-р сард нарийвтар ноост Орхон үүлдэр болгон баталж зарласан байна.

Ингэж манай орны ойт хээрийн бүсэд нарийвтар ноост хонины үржлийн бааз буюу Орхон үүлдрийн хонь бий болсон явдал нь манай орны хонины аж ахуйн түүхэнд анх удаа өөрийн үндэсний шинэ үүлдрийн хонийг Монгол  хүн ухамсарт үйл ажиллагаагаараа бий болгосон анхны тохиолдол юм.

Орхон үүлдрийн тархалтын хүрээг өргөтгөн тоог олшруулахын тулд нарийвтар ноост хонь үржүүлэх бүсийн Сэлэнгэ аймгийн Номгон, Цагаантолго, Бургалтай, Баруунхараа, Төв аймгийн Угтаал, Залуучууд САА, Заамар нэгдэл зэрэг газруудад цэврээр үржүүлэхээр 26512 толгой үржлийн эм хонь охин төлөг шилжүүлснээс гадна нарийвтар ноост хонь үржүүлэх бүсийн 5 аймгийн 10 сангийн аж ахуй нэгдлүүдэд эрлийзжүүлэг явуулахад зориулж үндсэн сайжруулагчаар сайн чанарын 6698 хуц худалдан шилжүүлсэн бөгөөд дээрх аж ахуйнуудад эрлийзжүүлэг явуулсны үр дүнд Орхоны эрлийз хонь 140.0 орчим мянгад хүрсэн түүхтэй

Ашиг шимийн дундаж үзүүлэлт: Үржлийн хуцны амьдын жин 80-85 кг, ноосны гарц 6.5-8.0 кг, урт нь 10-12 см, эм хонины амьдын жин 58-62 кг, ноосны гарц 3.8-.4.0 кг, ноосны урт 8-10 см, ашиг шимийн дээд үзүүлэлт нь үржлийн хуц 102.2 кг, ноосны гарц 12 кг, ноосны урт 15 см, эм хонины амьдын жин 80.0 кг, ноосны гарц 7.0 кг ноосны урт нь 13 см хүрч, ноосны өтгөн, жигд, урт атираа, зунгаг зэрэг бусад үзүүлэлтүүд нь бүрэн хангалттай болж иржээ.

Орхон сумаас төрөн гарсан алдартнууд

Сум САА-н хамт олон дундаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин А.Хөх-Уул, С.Гончигбал, Т.Тэрбиш, трактор комбайнч Ө.Жадамба. анхны мянгат саальчин Д.Хомбоодой, улсын аварга малчин Ц.Адъяа, П.Хамбага, Т.Тунгалаг, хурдан хяргагчдын улсын уралдааны аварга Т.Дүгэрсүрэн, АИХ-ын депутат Р.Эрдэнэчимэг, МУ-ын Гавьяат эдийн засагч А.Амжаа нарын алдар цуутай хүмүүс төрөн гарчээ.

Түүхийн дурсгалт болон байгалийн

сонин тогтоцтой газрууд

Орхон сумын нутаг болох Цагааннуурын урд талд байрлах Эртний Солонгос улсаас гаралтай цаасны үйлдвэрийн туурь нь сумын төвөөс 3 км зайд оршдог.

Орхон сумын бэлэндалай багийн нутаг Арбулангийн голын тохойд байрлах 8 төрлийн мод нэг дор ургасан нь байгалийн сонин тогтоцыг бий болгожээ.

Орхон сумын Бэлэндалай багийн нутаг болох Нарт уулын ард байрлах “Хүн чулуун хөшөө”. /Сумын төвөөс 8 км зайд оршдог./

Орхон сумын Бэлэндалай багийн нутаг болох Нарт уулын ард байрлах “Буган хад”. /Сумын төвөөс 10 км зайд оршдог./

Орхон сумын Бэлэндалай багт орших Цант толгойн хадан цохион дээрх Люваанжалба усны бурхан. /Сумын төвөөс 6км зайтай оршдог/

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ, ТӨРИЙН УДИРДЛАГА

ИТХ, Засаг даргын тамгын газар, түүний дэргэдэх алба нь нийт 26 ажилтан ажиллагсадтай. Засаг даргын Тамгын газарт удирдах ажилтан 3, гүйцэтгэх ажилтан 8, үйлчлэх ажилтан 2 бөгөөд төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.


Хүн ам, нийгэм, соёлын үйлчилгээ

Орхон сум нь 130627 га газар нутагтай. Тус суманд 677өрхийн 2298 иргэн амьдардаг. Сумын төвд 310 өрхийн 1085 иргэн, хөдөөгийн багт 367 өрхийн 1213 иргэн амьдарч байна.

Нийгмийн хамгааллын хуулийн дагуу ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэвэр тэтгэмжид хамруулж жилд давхардсан тоогоор .....ахмад настанд хөнгөлөлт тусламж,.....хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж дэмжлэгт хамруулж байна.

Сумын номын сан нь 5042 номын фондтой. Жилд дунджаар 500 гаруй уншигч давхардсан тоогоор 2500-3000 ном хэвлэлийг уншлагын танхим болон гэрээр олгож үйлчилдэг. Хөдөөгийн багийн иргэдэд нүүдлийн номын сангаар үйлчилж идэвхтэн уншигчдаар дамжуулан гэрээр 50 гаруй уншигчдад 200 гаруй ном хэвлэлийг олгож байна. Жил бүр уламжлал болгон сумын хэмжээнд “Уран жиргээ”, “Уран уншлагын уралдаан”, “Орхоны найраг” яруу найрагийн наадмыг зохион байгуулдаг.

БСШУ-ы сайдын 299-р тушаал,аймгйин Засаг даргын 24 тоот захирамж,сумын Засаг даргын 43 тоот захирамжийн дагуу Соёлын биет бус өв тээгч, ардын авъяастнуудыг тодруулах зорилгоор уралдаан тэмцээнийг сумын хэмжээнд зохион байгуулж ардын урлагийн 7 төрлөөр 26 ардын авъяастан,5 урчуудын 8 төрлийн 30 гаруй гар урлалын бүтээл шалгарлаа.

Сайхан суманд 2-р шатны шалгаруулалт зохиогдож баруун бүсийн 7 сумдын 45 ардын авъяастнууд амжилттай оролцож Орхон сумаас 4 төрөлд авъяастнууд тодорсон байна.

Орхон сумын Хөдөө аж ахуйн тасаг

Тус тасаг нь “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2010 оны 311 тоот захирамжаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, газар тариалан, бэлчээрийн менежмент, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн зэрэг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдан МАА-н үйлдвэрлэл, газар тариалан, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр малчид, мал бүхий иргэн, газар тариалан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Тус сум нь 84735 толгой малтай, үүнээс адуу 3404 толгой, үхэр 8409 толгой, хонь 37504 толгой, ямаа 35418 толгой. Нийт сүргийн 45 хувийг хээлтэгч эх мал эзэлдэг. Монгол хүний оюун ухаанаар бий болсон эх орны ууган үүлдэр болох нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонины генофонд, үүлдэрлэг байдал дахин сэргэж цэвэр үүлдрийн хонь 3127 толгой үүнээс 1792 толгой байна. Махны “Сэлэнгэ” үүлдрийн үхэр 3123 толгой, хээлтэгч 1789 толгой хувийн хэвшлийн малчин өрх, аж ахуйн нэгжид өсгөн үржүүлж байна.

26694 га тариалангийн талбайтайгаас 2011 онд 12565 га талбайд үр тариа тариалж 31 аж ахуйн нэгж, 44 иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Морьтон тал ХХК

Тус компани нь 1993 оноос эхлэн 18 дахь жилдээ газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Морьтон талын нийт эргэлтийн талбай нь 3100 га талбайтай. Жилдээ 1500 га-д улаан буудай тариалж га-аас 17-аас доошгүй цн ургац хураан авч байсан туршлагатай хамт олон юмаа. Компаний ажиллагсдын хувьд үр тарианы бригадын дарга 1, трактор комбайнч 10, үтрэмийн эрхлэгч 1, үтрэмийн 20 ажилчинтай олон жил газар тариалангийн үйлдвэрлэлд үе залгамжлан ажилласан туршлагатай техникчид ажиллаж байна. Техникийн хувьд МТЗ-150 трактор 5ш, МТЗ-80,82 трактор тус бүр 5 ш кубота-90 2ш, комбайн 5ш болон дүүжин чиргүүл бусад агрегат техник хэрэгсэлтэй үндсэн хөрөнгө 310 сая төгрөг. Тус компаний хамт олон ХХААХҮЯ-аас 2003, 2006 онд шилдэг тариаланч хамт олноор, мөн “Ургацын далай холбоо”-ны өргөмжлөлөөр 3 удаа, 2010 онд аймгийн усалгаагүй нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураан авсан “Тэргүүний тариаланч” хамт олон, аж ахуй нэгжээр тус тус шалгарч байсан.

“Хос булаг” ХХК

“Хос булаг ХХК-нь 1997 онд анх “Хос булаг ЗБН нэртэй 4 гишүүнтэй, 1200 төгрөгийн хөрөнгөтөйгөөр үүсэн байгуулагдсан. .Худгийн хоолойд 100 га газарт төмс, үр тариа тариалан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цаашид хүрээгээ тэлэн үйл ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлж Мангирт, Худгийн хоолойд нийт 840 га эргэлтийн талбайд тарилалт хийж улмаар “Хос булаг” ХХК болон өргөжсөн.

2010 онд 420 га талбайн хөрсийг боловсруулалт хийж бэлдэн, 2010 онд га-аас 18-20 цн ургац хураан тушааж улс орондоо хувь нэмрээ оруулсан байна.

Одоогийн байдлаар захирал, менежер гэсэн 2 үндсэн гишүүнтэй гэрээт буюу туслах 10 ажилтантай, газар тариалан, гадаад дотоод худалдаа эрхлэн ажиллаж байна. Манай компани нь 1997 оноос эхлэн одоог хүртэл 14 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна

Орхон сумын хүн эмнэлэг

Орхон сумын хүн эмнэлэг нь 1943 онд Төв аймгийн Жаргалантын САА-ын Үнэгтийн Хонхор хэмээх мал фермер суурин дээр 3 орон тоотойгоор бага эмчийн салбар үүсгэн байгуулагдсан. Өдгөө 67 жилийн түүхтэй. 1954 оноос их эмчийн салбар болон өргөжиж 4 айлын орон сууцанд амбулатор болон стационарийн үйл ажиллагаатайгаар явуулж эхэлсэн байна.

Эмнэлгийн одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь 15 ортой эмнэлгийн зориулалтаар баригдаж 1993 онд ашиглалтанд орсон. 1999 онд бага оврын уурын зуух тавигдаж халаалтын асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг болсон бөгөөд 2008 онд сантехникийн их засвар үйлчилгээ хийгдсэн. 2010 онд аймгийн санхүүжилтээр / 20 сая төгрөгийн / дээврийн засвар хийгдээд байна.

Одоогийн байдлаар сумын эмнэлэг их эмч-1. Эмнэлэгийн дунд мэргэжилтэн 10. Туслах ажилтан 5.

Байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд төрөх, дотор, хүүхэд, халдвартын гэсэн 4 хэсэгтэй 9 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Үйлчлэх хүрээний хүн ам нь – 2298

2 багтай, үйлчлэх хүрээний ойрын болон алсын зайны хувьд

- алсынх – 75 км

- ойрынх - 5 км зайд оршдог.

Сумын төв нь Дархан – Эрдэнэтийн төв замаас 5 км, Сайхан сум -18км, Дархан – Уул аймаг – 75 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 180 км-т оршдог.

Цаашид манай хамт олон нь хөдөөгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон анхан шатны тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй чанартай хүргэж хүний нөөц материаллаг баазаа бэхжүүлэн, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлсэн тэргүүний ажиллагаатай эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.

Орхон сумын Соёлын төв

Соёлын төвийн үндэс суурь нь 1952 онд Орхон САА-н “Улаан булан” нэртэй байгуулагдаж 1960 онд одоогийн Соёлын төвийн барилга ашиглалтанд орсноор “Ажилчны клуб” хэмээн нэрлэж эрхлэгч,кино механикч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. 1968 онд соёлын төвийн дэргэд 800 гаруй номтой номын сан байгуулагджээ. Одоо Соёлын төв 200 хүний суудалтай ,. Эрхлэгч, Хөгжмийн багш,Номын санч,Бүжгийн багш,Орон нутаг судлах танхимын ажилтан ,галч гэсэн 8 орон тоотойгоор орон нутагт соёлын үйл ажиллагаа явуулж байна.

Номын сан нь 5042 ширхэг номын фонд, 16 хүний суудалтай уншлагын танхимтай.

Жилд дунджаар 2500 гаруй уншигчдад 3800 гаруй ном хэвлэлийг уншлагын танхимаар болон гэрээр, зөөврөөр олгож үйлчилдэг. Англи хэл, компьютерийн цахим сургалтанд 30 гаруй хүүхэд залуучууд суралцаж байна.

Сумын түүхэн замналын самбар,алдартнуудын хөрөг зураг,орон нутгийн алдрын булантай.Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн гэрэл зурган самбар болон байгууллага иргэдийн дурсгалын зүйлүүд ,үзмэр ,үзүүлэнгүүдтэйгээр ард иргэдэд орон нутгаа сурталчлан,түүх соёлын дурсгалт газруудаа танилцуулж тэдгээрийг хадгалж,хамгаалах талаар сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.

Чанартай боловсрол‑ амьдралын баталгаа”

хүүхдэд ээлтэй сургууль болох

Орхон сумын сургууль нь 1953 онд Төв аймгийн Говь-Угтаал сумын “Үнэгтийн контор”-ын бага сургууль нэртэйгээр анх 18 сурагчтайгаар тулгын чулуугаа тавьсан байна. Энэ үед сургуулийн эрхлэгч,багшаар Дамдиндорж,нярваар Дамдин, туслах ажилчнаар Ренчинханд нар ажиллаж байлаа.

* 1957-1958 онд 4-р ангийг ,Галя багштай 16 сурагч анх төгсгөсөн байна.

* 1960-1963 онд 7 жилийн сургууль болж анхны 7-р ангийг 17 сурагч төгсгөсөн байна.

* 1967 онд Орхон, Баруунбүрэн, Сант сумуудын тойргийн 8 жилийн сургууль.

* 1986 онд 10 жилийн сургууль.

* 2006 онд 11 жилийн сургууль.

* 2008-2009 онд 12 жилийн сургууль болж анхны 6 настны анги хичээллэв.

Энэ хугацаанд сургуулийн захирлаар 17 хүн, хичээлийн эрхлэгчээр 18 хүн ажилласан байна.

Төгсөлтүүд:

Ø 4-р ангийг 3 удаа

Ø 7-р ангийг 7 удаа

Ø 8-р ангийг 40 удаа

Ø 9-р ангийг 5 удаа

Ø 10-р ангийг 22 удаа

Ø 11-р ангийг 4 удаа төгсөлт хийж

нийт 5000 гаруй сурагчид төгсгөжээ

2010 – 2011 оны хичээлийн жилд 278 сурагчид 18 багш,удирдах ажилтан, байрны багш,тогооч, санхүүч, номын санч зэрэг 28 багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. . Үүнд:Зөвлөх багш-1, тэргүүлэх багш-1, заах аргач зэрэгтэй багш-7, АБТА-3, БТТА-1 ажиллаж байна.

МАНАЙ СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Сургуулийн дотуур байранд 50 суралцагч амьдардаг бөгөөд 52%-ийг бага ангийн сурагчид эзэлж байна. Малчид болон 6-7 настай сурагчдыг бүрэн хамруулсан


Тус сургуулиас улсын зэрэгтэй тамирчин 185, олон улсын “Найрамдал” 4 төрлийн медальтан-1, Улсын аваргын медальтан-60 гаруй, спорт, урлагийн үзлэгийн медальтан-350, салбарын тэргүүний ажилтан-41 төрөн гарснаас гадна ажиллагсдаас ЕБС-ийн захирал – 23, хичээлийн эрхлэгч - 13 төрөн гарсан байна.Манай сургуульд “Гар бөмбөг”-ийн спорт бренд болтлоо хөгжсөн

.

Шүлгийг Х.Бүмцогт Аяыг Ч.Олзбаяр

ТӨРӨЛХ СУРГУУЛЬ МИНЬ

Буурал багшийн зүтгэл шингэсэн

Буман хүүхдийн дуу цуурайтсан

Урлаг цэнгүүн тэмцээн наадамдаа

Уухай түрж хүч нэмсэн

Олон шавийн эрдмийн уурхай

Орхоны сургууль төрөлх сургууль минь

Балчир хүүхдийн инээд цалгисан

Багшийн эрдмийг шавьд өвлүүлсэн

Сурч мэдэхийн ариун ирээдүй

Суурийг тавьж итгэл хайрласан

Түмэн шавийн эрдмийн уурхай

Төрөлх сургууль Орхоны сургууль минь

Оюуны очийг дээдлэн бадраасан

Оргилд тэмүүлэх хүслийг дэгжээсэн

Эрдэмд дуудсан хонхны дуутай

Эрхэт нарны алтан цацрагтай

Буман шавиа харгуйд үдсэн

Буурал сургууль Орхоны сургууль

Үнэгтийн танхимаар түүхээ эхэлсэн

Үйлсийн ариунаар дээшлэн хөгжсөн

Түшээ Гүний ууган сургууль

Түмэн үрсийн мөнхийн өргөө

Алдрайхан шавиа харгуйд үдсэн

Ашид хөгжих Орхоны сургууль

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОН СУМЫН 12-Р ЦЭЦЭРЛЭГ

Манай цэцэрлэг нь 1958 оны 09 сарын 01 өдөр 25 хүүхэдтэй 4 хүний орон тоотойгоор Лувсандорж эрхлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж үүдээ нээсэн . Одоо тус цэцэрлэг нь 75 хүүхэдтэй, 1 удирдах ажилтан, үндсэн болон туслах багш-8, үйлчлэх ажилтан-4, гэрээт 4 ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт үндсэн багш нарын: Дээд боловсролтой багш 75%, тусгай дунд боловсролтой 25%, бакалавр зэрэгтэй багшийн эзлэх хувь 75% бөгөөд заах аргач зэрэгтэй багш -1 тэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

Манай цэцэрлэг нь 2010-2011 оны хичээлийн жилд 1.5 - 5 насны 80 хүүхдэд Сургуулийн Өмнөх Боловсрол олгох сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна .

ОРХОН СУМЫН 12-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХАРЪЯА БЭЛЭНДАЛАЙ БАГИЙН **БҮЖИНХЭН **ЦЭЦЭРЛЭГ

Бэлэндалай багийн **Бүжинхэн **цэцэрлэг нь 2008 оны 10-р сарын 01 нд сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр баригдсан . Энэ хугацаанд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хөдөөгийн багийн иргэдийн хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилготойгоор 1 багш , 1 тогооч , 1 сахиул, 20 хүүхдийн орон тоотойгоор сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 38 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2059
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1437624
Travel Turne Tranzito