Сэлэнгэ аймаг Буриад улсад газар түрээслүүлэх санал тавиагүй

 

Medee.mn, 24 tsag.mn зэрэг сайт болон төвийн зарим телевизийн урсдаг зараар “Сэлэнгэ аймаг ОХУ-ын Буриад улсад газар түрээслүүлэх санал тавьжээ” гэсэн ташаа мэдээлэл өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр цацагдсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Буриад Улсад албан айлчлал хийж, өмнө нь хамтран ажиллахаар тохиролцсон саналуудаа ажил хэрэг болгон эрчимжүүлэх зорилгоор ажиллаад ирсэн ажлын хэсгийн ахлагч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж залруулга өглөө.
 
 
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг ОХУ-ын Буриад Улстай найрамдалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс удаа дараагийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Эхний уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр болсон бол дараагийн уулзалт Буриадын Ерөнхийлөгчийн урилгаар Улан-Үүд хотод болсон. Харин сүүлийн уулзалт хилийн асуудлаар 2015 оны 02-р сарын 27-ны өдөр Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтод болсон байгаа.
 
Өнгөрөгч оны 11-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Буриад Улсын Ерөнхийлөгчийн урилгаар албан айлчлал хийж, хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох хоёр талын ажлын хэсэг ажиллаж байна. Буриад улсын ажлын хэсгийг Засгийн Газрын эдийн засгийн асуудал хариуцсан 1-р орлогч Чепих.А.Е, Сэлэнгэ аймгийн ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж нар ахалж байна. Хоёр талын ажлын хэсгийн эхний хуралдаан Буриад Улсын нийслэл Улан-Үүд хотноо Буриадын Засгийн газрын байранд 03-р сарын 12,13-ны өдрүүдэд болсон. Энэ хуралдаанаар Сэлэнгэ аймгийн талаас санал болгосон Буриад Улсад мах, төмс гаргах, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах, хилийн асуудлыг эрчимжүүлэх талаар харилцан ярилцсан байгаа. Хоёр талын ажлын хэсгүүдийн 2-аар хуралдаан 05-р сард Сүхбаатар хотод болж, шийдвэрээ гаргах юм.
 
ОХУ-ын Буриад Улсын талаас газар тариалангийн талбайг Сэлэнгийн тариаланчдад түрээслүүлэх боломжтой талаарх саналаа илэрхийлээд байгаа. Энэ саналыг Сэлэнгэ аймаг судалж байгаа. Одоогоор ямар нэг тодорхой хариуг өгөөгүй байна. Сэлэнгэ аймгийн тариаланчид газар тариалангийн салбарт ажиллаж байгаа парк шинэчлэлтээ маш сайн хийж, сүүлийн үеийн дэвшилтэт техникийг ашиглаж байгаа ч энэ техникээ бүрэн хэмжээгээр нь ашиглах газар тариалангийн талбай хүрэлцээ муутай байдага. Сэлэнгэ аймаг нийт 305503 га эргэлтийн талбайтай. Жилд эргэлтийн талбайнхаа 98 хувийг ашигладаг. Хэрэв Буриад Улсын саналыг хүлээж авбал энэ нь Сэлэнгийн тариаланчдад л ашигтай. Буриад Улсад газар нь байна. Шатахуун нь хямд байна. Сэлэнгэ аймгийн зүгээс өөрийн аймагтай газар нутгийн хувьд ойрхон Буриад Улсын Хиагт, Зэд зэрэг районуудад тариалалт хийх боломжтой эсэх талаарх судалгааг хийж байгаа юм. Одоогоор шийдэгдээгүй, хоёр талын ажлын хэсгүүдийн уулзалтын хүрээнд яригдаж байгаа асуудлуудын зөвхөн нэг асуудлыг мушгин гуйвуулж олон нийтэд мэдээлсэн тул аймгийн ЗДТГ-аас албан ёсны хариуг ийнхүү өгч байна.