АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БУЮУ ЛИЦЕНЗ ОЛГОДОГГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ

Олон нийтийн сүлжээгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь  байгалийн үзэсгэлэнт газруудад хууль зөрчиж 53 алтны лиценз олгосон мэтээр худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдлаа.

“Ашигт малтмалын тухай” хуулийн 11.1.19-д зааснаар “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” буюу Ашигт малтмал газрын тосны газраас түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог.  

Ийнхүү  аймгийн Засаг даргаас алтны зөвшөөрөл, лиценз олгодоггүй байхад 53 алтны лиценз олгосон мэтээр ор үндэслэлгүйгээр гүтгэж байна.

Иргэд та бүхнээс ор үндэслэлгүйгээр хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 2.0 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.0 сая төгрөгөөр торгодог хуулийн заалттай тул хуурамч хаягнаас олон нийтийн сүлжээгээр цацаж буй ор үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг цааш нь түгээж хуваалцахгүй байхыг хүсье.

ТОДРУУЛГА:- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны А/270 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө, Баянгол, Орхонтуул сумдад олборлолт, хайгуул хийж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд нийт  10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоож, 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргаад байна.  Уул уурхайн тоног төхөөрөмж болох 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, 103 ачааны  машин, 73 тээврийн хэрэгсэл, 12 контейнер, 199 эсгий гэр, 58 усан буу, 8 гитран буу, 2 чиргүүлийг буулгаж талбайг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгээд байна.  

Уул, уурхайн чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах, үр дүнд хүргэх зорилгоор шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар аймгийн Засаг даргаас А/299 тоот захирамж  гарган сумдын Засаг дарга нар болон хууль, хяналтын байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР