АЙМГИЙН ИТХ-ын дарга Б.Нарантуяа

ЦОГ ХИЙМОРЬ ОРШСОН СЭЛЭНГЭ ТҮМЭНДЭЭ

 

Эх орныхоо хоймрыг эзлэн тухалсан, ардын төр засгийн анхны голомт, ардын хувьсгалын түүхэн өлгий, амуу тарианы эх орон Сэлэнгэ нутгийнхаа нийт иргэддээ болон дэлхийн өнцөг булан бүрээс манай аймгийн цахим хуудсанд саатан морилж буй танд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Газар тариалангийн аймаг нэрээр 1931 онд анх байгуулагдсан Сэлэнгэ нутаг маань Монгол улсын хүн амын хүнс тэжээлийн томоохон үйлдвэрлэлийг эрхлэн явуулж улсын хэрэгцээт үр тарианы 62.6, төмс, хүнсний ногооны 26.7 хувийг дагнан бэлтгэдэг ажилсаг хөдөлмөрч ард иргэдтэй, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар нутагтай, олон улсын төмөр зам, автозамын боомтуудтай, дэд бүтэц, харилцаа холбоо хөгжсөн Монгол Улсын эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлэх гол бүс нутаг юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонголоо. Төрөлх Сэлэнгэ нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж өгсөнд чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ иргэдийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлагаа үүрэг хэмээн ухамсарлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэн хүн төвтэй бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхний маань ажил хэрэгч санал санаачлага хамгаас чухал юм. Иймд энэхүү цахим хуудас маань орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж, нутгийн хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэл, хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд нээлттэй байх бөгөөд та бүхнийг манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт бат итгэлтэй байна.

 

Хүндэтгэсэн: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.НАРАНТУЯА