Аймгийн ЗДТГ-ын 2015 оны шилдэгүүд тодорлоо

Амжилт бүтээл дүүрэн хуучин он маань халаагаа өгч, бүтээж туурвихын оргилуун хүсэл тээсэн шинэ он айсуй. Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан нэгнээ алдаршуулан тодруулдаг баярт мөч яах аргагүй шинэ жилийн баяр билээ. Энэ сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэж, төрийн үйлчилгээг ард иргэддээ хөнгөн шуурхай хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явдаг албан хаагчдаа урамшуулж, урам зориг хайрлалаа. Шагналын хур буусан баярын энэ өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа аймгийн ИТХ-ын шагнал “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр,  аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ган-Отгон Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан бол, аймгийн ЗДТГ-ын 2015 оны “Шилдэгийн шилдэг” ажилтнаар Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны нутгийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул шалгарсан юм. Мөн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн эрх зүйн актын биелэлт хариуцсан мэргэжилтэн Ш.Энхмаа, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны нутгийн захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул, Хууль зүйн хэлтсийн Авлига, хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан Л.Баярсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн мэргэжилтэн О.Мөнхбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нансалмаа, Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт сургалтын офицер Б.Мөнгөнцоож, Хууль зүйн хэлтсийн Төрийн архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч М.Агиймаа нар 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, хэлтсийнхээ шилдгүүдээр тодорч шагналын эзэд боллоо. Урам хайрласан амжилтын буухиа шинэ онд ч үргэлжлэн буухиалах болтугай.