МУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймагт ажиллаж байна

МУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзан харилцан ярилцлаа.

Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг манай аймагт энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажиллана. Тус ажлын хэсгийнхэн аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг албан байгууллагуудын ажлын нөхцөл байдалтай танилцан, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудтай уулзалт хийлээ. Мөн “Хүний эрхэд суурилсан хандлага”,”Хүний халдашгүй дархан байх эрх” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа. Дээрх сургалтууд нь иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг бий болгох үндсэн зорилготойгоор зохион байгуулагдав.  

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байгаа “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэд олон нийттэй хийх уулзалт зэрэг арга хэмжээ явагдах юм.