МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэ өдөр мөн сумдын ИТХ, Засаг дарга, багийн Засаг дарга нарт дээрх төслийн сургалт зохион байгуулагдав. Ард иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох хэлэлцүүлэг “Сэлэнгийн долгио” чуулгын байранд амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Сүхбаатар сумын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат, Монгол Улсын гавъяат багш Р.Хатанбаатар, УИХ-ын тамгын газрын ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын тамгын газрын зөвлөх Б.Гандулам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг, Сүхбаатар сумын удирдлагууд оролцож, Сүхбаатар сумын 8 баг болон ойролцоох 10 сумын иргэдийн төлөөллийн асуултанд хариулж, саналыг сонслоо.
Хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав. Сүхбаатар сумын иргэдээс Засаг дарга нарыг шууд томилдог байх, аймгийн төвүүдийг хотын статустай болгох, сумдын газар нутгийн хил хязгаарыг шинэчлэн тогтоож өгөх, тойрогтоо хангалтгүй ажилласан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхийг бий болгох, Ерөнхий сайд танхимаа өрөө бүрдүүлж хариуцлагаа хүлээдэг болох зэрэг олон саналыг гаргалаа. Иргэд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа илэрхийлж байв. Тус хэлэлцүүлэг 08-р сарын 15-ны өдөр Мандал суманд зохион байгуулагдсан бөгөөд энэ сарын 22-ны өдөр Сайхан суманд зохион байгуулагдсанаар манай аймагт болох хэлэлцүүлэг өндөрлөх юм.