ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭД ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн архивын тасгаас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц нээж, Б.Хишигням эрхлэгчтэй архивын тасгийн хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготойгоор зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргаж, архивын лавлагаа үйлчилгээг иргэдэд үзүүлж, Төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авч байв. Мөн архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлж Төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэд олон нийтэд сурталчлан таниуллаа. Сэлэнгэ аймгийн Төрийн архивт 1931-2016 оны 3 хадгаламжийн сан бүхий 152 хөмрөгийн 214 дансны 31710 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.