Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгуулж байна

Монгол Улсын Хууль зүйн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулиар орон нутагт сургалт зохион байгуулж байна. Уг сургалт нь аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, сумдын ЗДТГ-ын удирдлагууд, ажилтнууд болон иргэний нийгмийнхэнд зориулсан бөгөөд энэ сарын 17-ноос 5-р сарын 1-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдах аж.

Сэлэнгэ аймагт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд хичээлийг Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ариунжаргал, Нээлттэй нийгэм форум, Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан нар зааж байна. Оролцогчдод Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал сэдвээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ, Захиргааны байгууллага, түүний эрх зүйн байдал, ангилал, төрөл, Захиргааны үйл ажиллагааны зарчмууд. Мөн Захиргааны үйл ажиллагаа сэдвээр Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны бусад үйл ажиллагаа сэдвээр Сонгох боломж, Төлөвлөлт, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа сэдвийн дор Шийдвэр гаргах шат дараалал, Хохирол барагдуулах, Хариуцлага, Захиргааны шийдвэр гүйцэтгэл зэргээр мэдээлэл өглөө. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаарх  танилцуулгыг хийлээ.